Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан Пьер Лакруа манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд оролцох юм. Мөн “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Жан Пьер Лакруа нь 2021 оны гуравдугаар сард орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзоригт баярын мэндчилгээ ирүүлж байсан юм. Энэхүү мэндчилгээнд "Монгол Улс 2002 оноос эхэлж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээсэн. Энэ цаг үеэс монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өнгөрсөн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн болон одоо үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргүүдэд ёслон мэндчилэхийн ялдамд НҮБ-ын цэнхэр далбаан дор үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайвны төлөө амиа өргөсөн эрэлхэг цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж байна. БНӨСУ болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж, найдаж ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үнэнч үүрэг гүйцэтгэл нь НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал юм. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин тууштай хувь нэмэр оруулахын зэрэгцээ энхийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй явдалд бид бүхэн гүнээ талархаж байгаагаа илэрхийлье" хэмээн онцолж байжээ.