Дотоодын цэрэгт энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид Цэргийн тангараг өргөлөө. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, анги байгууллагын дарга, захирагч нар болон алба хаагчдын төлөөлөл, гэр бүлийн гишүүд оролцов.
Цэргийн тангараг өргөсөн дайчдад хандан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд энэ үеэр “Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Дотоодын цэрэгт татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтаа амжилттай дүүргэж, цэргийн тангараг өргөн, цэргийн алба хаагч болж байгаа дайчдадаа халуун баяр хүргэе. Байлдагч та бүхнийг цэргийн алба хаах хугацаанд Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Мөн цэргийн алба хаахын зэрэгцээ цагдаа, цагдаа-жолооч, харуулчин мэргэжил олгох сургалтад хамрагдаж цагдаа, дотоодын цэргийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна” гэдгийг онцолсон юм.