Өнгөрсөн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний халдварын шинэ тохиолдол 61 бүртгэгджээ. Үүнээс 30 нь нийслэлийн хэмжээнд илэрсэн байна. Уг статистикийг багтаагаад улсын хэмжээнд нийт 927 509 хүн коронавирусийн халдварт өртжээ. Дотоодод өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол харьцангуй буурч байгаа ч олон улсын түвшинд, ялангуяа Азийн зарим оронд, тэр дундаа урд хөршид цар тахлын нөхцөл байдал түгших хэмжээнд байсаар. Жишээ нь, Бээжин хотын зарим дүүрэгт хөл хорио тавьсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Малайзад “Ковид-19”-ийн халдварын тархалт дахин “сэдэрч” байгаа аж. ДЭМБ-ын мэдээллээр энэ сарын 14-нд тус улсад шинэ тохиолдол 1922, эл шалтгаант нас баралт дөрөв бүртгэгджээ. Үүнээс өмнө өнгөрсөн баасан гарагт халдвар авсан хүний тоо 1880 гаруй, нас барсан нь гурав байжээ. Хойд Солонгосын хувьд “Sars-CoV-2” вирусийн шинэ мутацын эх үүсвэр болох эрсдэлтэйг олон улсын шинжээчид анхааруулав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хатуу хориг арга хэмжээнд хамрагдсан энэ бүс нутгийг коронавирусийн шинэ хувилбарууд гарах таатай орчин гэж үзэж буй нь вакцинжуулалтын хүрээ, түвшин бага, эрүүл мэндийн тогтолцоо сул зэрэгтэй холбон тайлбарлажээ. Хойд Солонгост гадаадын мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчдийг айлчлахыг хориглосон тул өвчлөлийн бодит цар хүрээг үнэлэх боломжгүй байгаа аж.
ДЭМБ-ын мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь нас баралтын үзүүлэлт анх удаа 10 мянга орчим бүртгэгдсэн нь эл өвчин “цаашлах” хандлага харьцангуй ажиглагдаж байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн ч эрт тайвширч болохгүйг сэрэмжлүүлж байна.