Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Уналт, таталтад уудаг эмийг хөнгөлөлтийг олгодог. Харин өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даах шийдвэр гаргалаа. Ялангуяа тархины шалтгаант саажилттай хөгжлийн бэрхшээлтэй эмчилгээний асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Сүүлийн үед манайхан гадаадын улсад очиж хийлгэж байгаа мэдрэлийн ёзоорыг тайрч, таталтыг багасгадаг хөнгөвчлөх мэс засал хийдэг байдлыг багасгахын тулд энэ намартаа багтаан Энэтхэг болон Турк улсын туршлагатай эмч нарыг багаар нь урьж авч ирэн улсдаа энэ төрлийн мэс заслыг хийдэг болгохыг зорьж, боломжийг бүрдүүлэхээр гэрээ байгуулах гэх мэт шаардлагатай шат дараатай ажлыг хийж байна. Тухайн багийн эмч нарыг авч ирэхэд тодорхой нөхцөл, зарим тоног төхөөрөмжийг авч ирэх гэх мэт судалгааг шаардлагатай. Тархины саажилттай хүүхдэд хэд хэдэн төрлийн хагалгааг хийдэг ба энэ нь чангарсан дээд, доод булчинг суллах, нөхөн сэргээх эмчилгээг хийвэл зарим хүүхэд алхаж, гишгэх боломжтой болдог давуу талтай. Халамж, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогцоор нь үзүүлэх үүднээс Сонсголонд байрлалтай Хөгжлийн бэрхшээлийн сэргээн засах хөгжлийн төвд үзүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна" хэмээн хэлэв.