Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрөө хариуцан төлсөн нийгмийн даатгалынхаа 50 хувийг буцаан авна. Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг энэ сарын 25-наас хэрэгжүүлж эхлэх юм байна. Улмаар иргэний төлсөн нийгмийн даатгалын 50 хувийг буцаан олгох журмыг боловсруулж дуусжээ. Уг журмаар аж ахуйн нэгжүүд ажилтныхаа цалингийн тайлан, тооцоог өнөөдрөөр дуусгавар болгон Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэдүүлнэ. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэдийн хувийн данс руу нийгмийн даатгалын буцаан олголтыг нь хийх аж. Одоогоор байгууллагуудаас иргэдийг дансыг авч, цахим санд бүртгэх ажил үргэлжилж байна.
Нийгмийн даатгалын буцаан олголт тухайн ажилтны цалин хөлснөөс шалтгаална. Тухайн иргэн цалингаасаа хариуцаж өөрөө 9.5 хувийн шимтгэл төлдөг. Энэхүү төлсөн 9.5 хувийнхаа тал хувийг буцаан авах юм. Байгууллагаас төлж буй шимтгэл үүнд хамаарахгүй. Эл тооцооллоор байгууллагад ажилладаг иргэн хамгийн дээд тал нь 47 500, сайн дурын даатгуулагч 67 500 төгрөг авах нь. Тодорхой хэлбэл, төрийн албан хаагч, уул уурхайн салбар, сайн дурын нийгмийн даатгал төлж байгаа иргэдийг ялгаварлахгүй, нэг сая төгрөгөөс доош орлоготой л бол эл зохицуулалт үйлчилнэ.
Урьдчилсан тооцооллоор нийт даатгуулагчдын 70 хувь нь буцаан олголтод хамрагдаж, нийт 170 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулна. Үүний 150 тэрбум төгрөг энэ жилийн төсөвт тусгахаар тооцоолсон аж. Судалгаагаар 400 мянга орчим даатгуулагч буцаан олголт авах юм. Тэдгээрийн 320 мянга нь ажилтай даатгуулагч, 80 мянга нь сайн дурын даатгуулагч аж.