Японы Токиогийн их сургуулийн эрдэмтэд хиймэл оюун ухааны болон биотехнологийн мэдлэгээ нэгтгэн робот хуруу бүтээжээ. Энэ нь хүнийхтэй адил бүтэцтэй арьсан гадаргатай гэдгээрээ онцлог бөгөөд анхдагч аж. Тус багийн удирдагч, робот техник, биоинженерийн шинжлэх ухааны уулзвар болох биогибрид роботын салбарт анхдагч, профессор Шожи Такеүчи хиймэл булчин, синтетик үнэрийн рецептор, лабораторид ургуулсан махны судалгааг тэргүүлэн ажиллаж буй туршлагатай бөгөөд энэ удаагийн судалгаа нь гүн шарх, түлэгдэлт зэрэг арьсны гэмтлийг нөхөх материал бүтээхэд чиглэжээ. Робот хурууны бүрхүүл болох арьсыг амьд эсүүдээс ургуулан гаргаж авсан учраас өөрийгөө эдгээх чадвартай аж. “Бид хүнтэй адил хөдөлж чаддаг робот хуруу бүтээлээ. Нэг төрлийн хиймэл арьсаар хучигдсан эл хуруу гурван хэмжээст матриц. Хурууны ясан дээр шууд ургуулж, хүссэн хэмжээгээр зүсэх боломжтой” гэж Такеүчи тайлбарлав. Эл хуруу нь бичил хөдөлгүүртэй учраас яг л бодит юм шиг харагддаг гэдгийг мөн онцолжээ. Роботуудад зориулсан силикон арьсны өнөөгийн хувилбарууд нь хүний дүр төрхийг зарим талаараа дуурайж чаддаг ч үрчлээс гэх мэт нарийн “хийцийг” гаргах боломжгүй байдаг. Тэгвэл энэ удаагийн бүтээлд боломжгүй зүйлгүй гэнэ. Тодруулбал, Такеүчигийн багийнхны бүтээсэн арьс нь роботын хурууг нугалж, сунгах үед динамик хөдөлгөөнийг тэсвэрлэх хангалттай хүч чадал, уян хатан чанартай нь батлагдсан. Энэ талаараа “Бидний бүтээл жинхэнэ арьс шиг зөөлөн, уян хатан төдийгүй зүсэгдсэн, гэмтсэн тохиолдолд нөхөн сэргэх чадвартай” хэмээжээ. Өдгөө эл хиймэл арьсны гурван хэмжээст загваруудыг гоо сайхны болон эмийн судалгаа, туршилтад ашиглах туршилт явуулж байгаа аж.
Эл судалгааны багийнхан цаашид уг арьсыг хөгжүүлэхэд илүү нарийвчлан ажиллаж, мэдрэлийн эсүүд, үсний уутанцар, хумс, хөлсний булчирхай зэрэг бүтцийг нэвтрүүлэхээр зорьж байна. Үүнээс гадна илүү том байгууламжийг хиймэл арьсаар бүрэх төлөвлөгөөтэй аж.
Ташрамд өгүүлэхэд, анагаахын шинжлэх ухааны ололттой холбоотой өөр нэг мэдээ байгаа нь мөн л Японы эрдэмтдийн бүтээл юм. Тохокү их сургуулийн эрдэмтэд хүний араг ясыг орлуулах материал бүтээсэн байна. Уг судалгаанд Японы цөмйн эрчим хүчний агентлаг, Чехийн эрдэмтэд хамтарсан бөгөөд уг материал нь гэмтсэн тохиолдол өөрийгөө нөхөн сэргээх боломж нь одоогоор 17 хувьтай байгаа гэнэ. Энэ биоматериалаар хүний ясыг орлуулах бүрэн боломжтой, зарим тохиолдолд илүү бат бэх, уян хатан шинж чанартай болохыг тэмдэглэжээ.