Жүжигчин Б.Амарсайханыг Монгол Улсын соёлын элчээр томилжээ. Гэрчилгээг нь Гадаад харилцааны сайд гардуулав. Монголын шинэ цагийн кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулсныг нь үнэлж, түүнийг соёлын элч болгосон байна. Кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёлоо олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа соёлын элч Б.Амарсайхан илэрхийлнэ лээ.
Эх орноо гадаадад сурталчлах, соёлын харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэгчдийн нэг нь соёлын элч. Өнөөдөр Их Британи, Сингапур, Индонез, ОХУ, Казахстан, Киргиз, ХБНГУ, Япон, АНУ, БНСУ, Турк, Австри, Австрали, Испани, Энэтхэг зэрэг 19 улсад манай соёлын 52 элч ажиллаж буй бөгөөд 32 нь Монгол Улсын, 20 нь гадаадын иргэн байна. Эхэндээ манай соёлын элч нарт гадаадын иргэд жин дардаг байв. Учир нь Засгийн газраас баталсан Соёлын элчийн тухай журмын дагуу зөвхөн гадаад улсын иргэнийг Монгол Улсын соёлын элчээр томилдог байсан бөгөөд 2015 оноос монгол хүн ажиллах болжээ.
Эх орноо олон улсад эергээр сурталчлан таниулах талаар онцгой амжилт гаргасан бүтээл туурвисан болон гадаадын театрт тоглож буй нэр хүндтэй уран бүтээлч, Нобель, Оскар зэрэг өндөр зэрэглэлийн шагналтан, олимп, ДАШТ, үндэсний спортын тэргүүлэх зиндааны тамирчин гээд салбар салбарын, дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг соёлын элчээр томилох журамтай. Тиймээс ч тэдний дунд урлаг, спортын нэр хүндтэй хүмүүсээс гадна соёлын менежерүүд, монгол судлаач гээд төрөл бүрийн мэргэжлийнхэн бий. Хамгийн анхны “монгол элч” гэвэл сүмогийн их аварга Хакүхо Даваажаргал, дуурийн дуучин Г.Ариунбаатар, балетчин Д.Алтанхуяг, олимпын аварга Н.Түвшинбаяр нар байх жишээтэй. Түүнчлэн 2017 онд Холливудын жүжигчин Ричард Гирийг Монгол Улсын соёлын элчээр томилж байжээ. Мөн өнгөрсөн сард АНУ дахь Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг жүжигчин Шин Кояамадад (“Сүүлчийн самурай” кинонд тоглосон) гардуулсан юм.
Олимпын аварга Н.Түвшинбаярын хувьд саяхныг хүртэл соёлын элч байв. Түүнийг анх томилоход соёлын элчээр ажиллах үүрэгт хугацаа нь таван жил байсан юм. Өнгөрсөн онд баталж, энэ жилээс мөрдөж байгаа Соёлын тухай хуулийн дагуу соёлын элчээр ажиллах хугацааг хоёр жил болгож, ажиллах журмыг нь Засгийн газар батлахаар заасан. Юутай ч 2015 онд соёлын элч болсон Н.Түвшинбаярын томилолтын хугацаа дууссан уу, үргэлжлүүлэн ажиллаж байв уу, эсвэл хэрэг, төвөгт холбогдсон тул эл албанаас чөлөөлсөн, эсэхийг хэлж мэдэхгүй нь. Соёлын элч нь гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, нэр хүнд, ёс суртахууны хувьд цэвэр байх ёстойг дээрх журамд тусгажээ. Нөгөө талаас Соёлын элчийн тухай журмыг биелүүлээгүй, эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох хүсэлт, шаардлага тавьсан тохиолдолд соёлын элчээс чөлөөлөх ёстой. Соёлын элчээр томилогдсон хүмүүсийн ур чадвар, сэтгэл зүтгэл төдийгүй биеэ авч яваа байдлыг нь ч харгалзах ёстойг олон нийтийн зарим шүүмжлэл харуулсан нь ч бий.
Ерөнхийдөө Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар нь соёлын элчтэй харилцах, хамтын ажиллагаа явуулах ажлыг нэгдсэн зохицуулалтаар хангаж, шууд болон шууд бусаар удирдах үүрэгтэй. Ингэхдээ соёлын элчийн жилийн ажлын тайлан, гэрээний хэрэгжилт, холбогдох дипломат төлөөлөгчийн газрын дүгнэлтийг үндэслэн жил бүр үнэлдэг. Тэднийг томилохдоо таван жилийн хугацаанд хийх ажлын хөтөлбөрөө танилцуулж, гэрээ байгуулдаг юм байна. Гэвч соёлын элч нарын цахим мэдээллийн санг хөтөлж, нэр, албаны хаягийг нь Гадаад харилцааны яамны цахим хуудсанд байршуулах үүрэгтэй Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар ажлаа хийдэггүй бололтой. Тус яамны www. mfa.gov.mn цахим хуудсанд “Монгол Улсын соёлын элч” гэх цэс байх авч хуучирсан хэдэн мэдээнээс өөр зүйл алга. Үнэндээ ийм нөхцөлд соёлын элч нарын тоог олж авна гэдэг тийм ч амар байгаагүй бөгөөд тэдний ажлын тайлан, гэрээний хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэлтэй болох нь төвөгтэй санагдсаныг нуух юун. Тиймээс ч соёлын элчээр ямар хүмүүсийг, яагаад томилдог, тэд юу хийдэг тухай олон нийт төдийлөн мэддэггүй, бүдэг бадаг ойлголттой байдаг биз. Уг нь дээрх журамд заасанчлан соёлын элчийн үйл ажиллагаа нь ил тод байх ёстой.
Хэдийгээр дипломат эрх ямба эдэлдэггүй, цалин, хөлс авдаггүй ч соёлын элч гэдэг нь нэр төдий алба бус, гэрчилгээ солилцох ёслол биш юм. Соёлын элчийг олон улсад өнө эртнээс томилон ажиллуулж, өдгөө улс орнууд зөөлөн хүчний бодлогынхоо зөөгч, хэрэгжүүлэгч нь болгон, үр дүнг нь хүртэж буй. Харин манайд хэдэн элчийнхээ нэр, хаягийг харьяалах газар нь бүрэн бүртгэж, мэдээлэхгүй байгаа нь тэднээр дамжуулан хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа хэр үр дүнтэй, хэрхэн сайжруулах, дэмжихээр буйг орхигдуулах сэжим болж байх шиг. Жишээ нь, соёлын элчээр томилогдсон Монголынхоо нэр хүндтэй эрхмүүдийг таньж, мэдэж болох ч гадаадын ямар ямар улсад, хэн хэн гэдэг хүмүүс манай соёлыг түгээж, түүчээлэн ажиллаж буй талаар нэгдсэн мэдээлэлгүй байгаа хүмүүс ажлыг нь хэрхэн үнэлж, бас дэмжих вэ. Уг нь Монголын, бидний соёл, өв уламжлал дахин давтагдашгүй, өвөрмөц. Тиймээс ч 2020 оны УИХ-ын сонгуулиар өнөөгийн эрх баригчид Соёлын яамыг байгуулна, Соёлын тухай хуулийг шинэчилнэ хэмээн амласан. Энэ нь ч сонгогчдод таалагдсан, тэднийг сонгоход дөхөм үзүүлсэн гэхэд болно. Гэвч хуулийн хэрэгжилт, бодлогынх нь үргэлжлэл иймэрхүү л байна.
Соёлын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд буюу бараг жилийн өмнө баталсан. Мөн оны сүүлчээр соёлын элч нарын III чуулга уулзалтыг зохион байгуулах үеэр Гадаад харилцааны сайд уг хуульд нийцүүлэн Соёлын элчийн тухай журмыг шинэчлэх гэж буйг дуулгасан ч өнөөдөр хэвээрээ л байна. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн баасан гаргийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уламжлах ёстой. Энэ талаар УИХ-ын даргад урьдчилан ирүүлсэн мэдээлэлд ч “Соёлын элчийн тухай журмыг шинэчлэн боловсруулахаар бэлтгэж байна” гэж дурджээ. Ингэхдээ соёлын элч нарын үйл ажиллагааг төрийн бодлоготой уялдуулах, олон нийтэд сурталчлах, эрх зүйн орчныг нь сайжруулах, дипломат шугамаар дэмжлэг үзүүлэх, гадаад сурталчилгаа болон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарч шинэчилнэ хэмээж буй. Соёлын элч нарын III чуулганы үеэр ч яг л энэ үг, өгүүлбэрийг давтаж, Гадаад харилцааны яамныхан гадаад сурталчилгааны үйл ажиллагааг цогц, нэгдмэл тогтолцоонд оруулах санаачилга гарган, Соёлын, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Гурван яамны хамтын ажиллагааны төлөвлөгөө” баталж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд үүнийг хийнэ гэж онцолж байв. Хуулийг нь батлаад жил болох гэж байхад журмыг нь шинэчлэлгүй, соёлын элч нарыг томилсоор л байна.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гээд бодлогын бүхий л суурь баримт бичигтээ монгол үндэстний оршин тогтнох дархлаа болсон түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалан, хөгжүүлэхийн тулд дипломат төлөөлөл болон иргэдээрээ дамжуулан дэлхий дахинд сурталчлах, эх орныхоо нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх бодлого чинь энэ мэтээр алдагдаад, журам мэтийн “жижиг” зүйл дээр бүдрээд байгаа юм биш үү. Тэр дундаа эдгээрийг хэл, соёл, урлаг, үнэт зүйл, гадаад бодлогын манлайллаар бусдыг татаж, нөлөөллөө тогтоох зөөлөн хүчний бодлого нь ганц журмыг олигтой хэрэгжүүлээгүйгээс гацсан байх вий. Нөгөө талаас орчин цагт соёлын салбарт суурилсан аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн олон салбар хөгжиж, эдийн засгийн үр өгөөжөөрөө тэргүүлж байна. Иймд соёлын элч томилох, ажиллуулахыг зөвхөн гадаад харилцааны асуудал гэж харах бус, соёлын бодлоготойгоо уяж, яам, өөр бусад байгууллагатай нь хамтран ажиллаж, элч нарынхаа эрдэм, чадлыг шавхаж ажиллах шаардлагатай санагдана.