Манай улсын олон жилийн мөрөөдөл биелэн, газрын тос боловсруулах үйлдвэр барих хөнгөлөлттэй зээл авч, ажлаа эхлүүлсэн. Уг үйлдвэрийг 2019-2023 онд багтаан барихаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас ажил удааширч, 2025 онд ашиглалтад оруулна хэмээн ярьж буй. Өдгөө үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж буй аж. Харин газрын тосны нөөц ямар байгаа бол, түүхий эдийн тасралтгүй хангамж бүрдүүлж чадах, эсэх талаар сонирхох хүн цөөнгүй байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг хангах Дорнот аймгийн Тосон Уул XIX, Тамсаг XXI талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компани олборлолтын лиценз эзэмшин, үйл ажиллагаа явуулдаг.
Мөн Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Цагаан элсний орд дахь “Бүтээгдэхүүн хуваах гэрээт 97 дугаар талбай” бол мөн урд хөршийн хөрөнгө оруулалттай, “Доншен газрын тос” компанийн мэдлийнх гэж болно. Манай улсад илрээд буй газрын тосны томоохон хоёр ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулдаг учраас хөрөнгө оруулагчийн “амыг харах” хэрэгтэй гэдэг нь эндээс харагдана.
Монгол Улсын газрын тосны геологийн нөөцийг 330 гаруй сая тонн гэж тооцсон ч олборлолтын гол бүс Тамсагийн сав газарт 43 сая тонн ашиглалтын нөөц бий гэдгийг холбогдох байгууллагаас нь гаргасан. 1993 оноос хойш үүнээс 10 орчим сая тонныг нь ашигласан юм байна. Өнгөрсөн жилүүдийн дунджаас харахад жилд Тамсагаас 0.8-1.2 сая тонн бүтээгдэхүүн гарган авчээ. Харин 2021 онд 600 гаруй мянган тонныг олборлосон гэнэ. Үүнийг нэг талаас цар тахлын улмаас зарим шаардлагатай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт тасалдан үйл ажиллагаа доголдсон, нөгөө талаас ашигт малтмалын нөөц багассан хэмээн олборлогч компанийн зүгээс тайлбарлажээ. Энэ нь цаашид олборлолтын хэмжээ болон нөөц ашиглалтын төлөвлөгөөг өөрчлөх, нөөцийн хэмжээг нарийвчлан тогтооож, баталгаажуулах зайлшгүй шаардлагатайг харуулж буй хэрэг. Хамгийн сүүлд 2012 онд орд ашиглалтын төлөвлөгөөг шинэчилсэн, тухайн үеэс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас уг төлөвлөгөөг ойрын хугацаанд шинэчилж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах саналыг Ашигт малтмал газрын тосны газраас гаргасныг дурдлаа. Гэхдээ одоогоор хийсэн ажил алга.
БНХАУ-ын “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа 2030 онд дуусна. Уг гэрээгээр манайх түүхий эдийн хоногийн гарцаас шалтгаалж 40-55 хувийг нь авч, экспортолдог. Харин боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулбал өөрт ногдох тосноос гадна олборлогч компаниудын мэдлийн бүтээгдэхүүнийг худалдан авч болно гэж тооцож буй. БНХАУ, ОХУ-аас түүхий тос худалдан авч, боловсруулах нь шатахуун авахаас тонн тутамдаа 30 орчим хувийн хямд байх тооцоог мэргэжилтнүүд гаргаж байлаа. Өөр нэг асуудал нь бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусахтай зэрэгцэн газрын тосны нөөц ч дуусах магадлалтай юм. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ сарын эхээр Засгийн газрын хуралдаанд хэлсэн үгэндээ “Петрочайна дачин тамсаг” компанийн орд ашиглах журмын дагуу жилд 1.5 сая тонн орчим газрын тос олборлох төлөвлөгөөтэй. Хамгийн ихдээ жилд 1.1 сая гаруй тонн түүхий эд олборлож байсан ч сүүлийн үед энэ тоо багасаж буй нь хамгийн гол асуудал болж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа хүчин чадлыг нь “Петрочайна дачин тамсаг”-ийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 сая тонн түүхий тос боловсрууна гэж тооцсон. Эл тооцоо ч талаар болох нь. Манайх боловсруулах үйлдвэрээ ирэх хоёр жилд багтаан ашиглалтад оруулна. Тиймээс өнөө маргаашгүй уг компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримталж буй, эсэхт анхаарах хэрэгтэй юм. Мөн газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул, улмаар олборлолт хийх шаардлагатай. Үүнд олон талын дэмжлэг шаардлагатай. Ялангуяа орон нутгийн зүгээс хайгуул хийх хүсэлтэй компаниудад боломж олгох хэрэгтэй” гэсэн юм. Эндээс харахад, бүтээгдэхүүн хуваах гэрээг мөрдөөд ч хуваах түүхий эдгүй болох удаах асуудал байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 10 хувийн өсөлттэй, боловсруулах үйлдвэр ойролцоогоор 40 жил ажиллуулна гэвэл үйлдвэрийн түүхий эдийн доод хэмжээ жилд 2.5 сая тонн байх ёстой” гэсэн. Өөрөөр хэлбэл, газрын тосны хайгуулын ажил эхлүүлж, нөөцийн хэмжээгээ өсгөх шаардлагатай гэсэн үг. Тиймээс дээрх компанид Дорнод аймаг дахь Давст XXXI талбайг өгчээ. Уг талбайд хайгуул хийх хөрөнгө, хүн хүч шаардлагатай байгааг тус компаниас мөн дурдав. Түүнчлэн боловсруулах үйлдвэр барин, ашиглалтад оруулахаас түүхий эдийн хангамжийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани хариуцахгүй гэдгийг тэмдэглэсэн юм.
Дээр дурдсанаар манай улс 330 гаруй сая тоннын геологийн нөөцтэй. Гэхдээ эл нөөцийг баталгаажуулан тогтоох, ашиглалтынх болгоход хөрөнгө, цаг хугацаа, дэвшилт технологи хэрэгтэй. Энэ талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн нэгэн багш “Манай улс газрын тосны батлагдсан нөөц багатай. Тамсагийн сав газраас өөр хайгуул хийсэн бүс байхгүй. Уг хайгуулаар 40 гаруй сая тоннын нөөц бийг тогтоосон ч өдгөө багадаа 10 хувийг нь ашиглаж дууссан. Газрын тос боловсруулах үйлдвэр 24 цагаар тасралтгүй ажиллах ёстой ч хүрэлцэхүйц нөөцийг одоогоор олоогүй. Мөн газрын тосыг хүчилж олборлож болдоггүй, оршин буй геологийн нөхцөлд нь тулгуурлан тогтвортой аргаар гаргадаг. Одоо бидэнд газрын тосны нөөцийн хэмжээгээ бүрэн мэдэх, түүхий эдийн хүчин чадлаа нарийвчлан тогтоох ажил бий. Үүнд маш их хөрөнгө зарцуулна. Хэдэн арван цооног өрөмдөөд алинаас нь ч тос илрэхгүй байж болно. Нэг цооног өрөмдөх зардал бараг нэг сая ам.доллар. Тиймээс үйлдвэрийг ашиглалтад оруулахаас өмнө түүхий эдийн нөөцийг баталгаажуулах, хайгуулын ажилд хөрөнгө хаях хэрэгтэй гэсэн үг. Газрын тосны хайгуулын салбарт боловсруулах үйлдвэр барьж буйтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай гэхэд хилсдэхгүй. Мөн манай улсад өдгөө мэдэгдэж буй нөөцөд тулгуурлабал үйлдвэрийг багадаа 30, улмаар 50 жил “тэжээнэ” тооцож байгаа юм билээ. Эхний ээлжид Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар зээлсэн. Цаашид эл дүн ч өсөх магадлалтай. Гэтэл дунджаар 40 жил ашиглаад орхих, эсвэл түүхий эдийн хомсдолд орох үйлдвэрийг ийм их өртгөөр байгуулаад хэнд хэрэгтэй вэ” хэмээв.
Дээр дурдсан Тосон Уул XIX, Тамсаг XXI талбайгаас жилд 1.5 сая тонн газрын тос олборлон, боловсруулж, автобензин 330, дизелийн түлш 820, онгоцны түлш 80 мянган тонныг үйлдвэрлэхээр тооцсон. Мөн шингэрүүлсэн шатдаг хий 43, зуухны түлш 47 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө бий. Харин түүхий эдийн гарц болон чанарын талаарх дүгнэлт, төлөвлөгөө хангалтгүй хэвээр л байгаа юм. Жишээ дурдахад, манай тос өтгөн буюу 25 орчим хэмд ч царцдаг. Тиймээс дамжуулах хоолойг шинэ технологи шингээсэн байдлаар гүйцэтгэх шаардлагатай бөгөөд халаах насос бүхий 530 гаруй км урт уг хоолойг барихад чамгүй хөрөнгө зарцуулж байгаа билээ. Цахилгаанаар халаадаг насосыг ажиллуулах эрчим хүчний эх үүсвэр ч хязгаарлагдмал гэсэн удаах бэрхшээлийг ч мартаж болохгүй. Түүнчлэн газрын тосны хайгуулын салбар, үйлдвэрт ажиллах боловсон хүчин тааруу байгаа тухай асуудал ч бий. Эндээс харахад, 2019 оноос буюу газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга барьж эхэлсэн үеэс хойш түүхий эдийн нөөцийн талаар шинэ мэдээлэл гарсангүй. Мөн шинээр хайгуулын ажил ч эхлүүлсэнгүй, хөрөнгө мөнгө, нэгдсэн бодлого төлөвлөгөө хэрэгтэйг ярьсан хэвээр л.