Шулуун гэдэсний хорт хавдартай цөөн тооны хүмүүс туршилтын эмчилгээ хийсний дараа хорт хавдар нь эдгэрсэн гайхамшигтай зүйл эмнэл зүйн салбарт тохиолджээ.
“New York Times” сонинд бичсэнээр хорт хавдрын өмнөх эмчилгээ болох химийн болон туяа эмчилгээ, гэдэс, шээсний зам, тэр ч байтугай бэлгийн үйл ажиллагааны алдагдалд хүргэж болзошгүй инвазив мэс засал зэрэгтэй тулгарч 18 өвчтөн Слоуна-Кеттерингийн нэрэмжит хавдар судлалын төвийн эмнэлзүйн туршилтад орсноор аюулт өвчнөөсөө салсан байна.
Эдгээр өвчтөнүүд зургаан сарын турш “Достарлимаб” нэртэй эм хэрэглэсэн бөгөөд бүх 18 хүний хавдар оргүй алга болжээ. Хамгийн гайхшралтай нь өөр нэмэлт эмчилгээ хийгдээгүй байна.
Достарлимаб нь хүний биед эсрэгбиеийн үүрэг гүйцэтгэдэг лабораторийн аргаар гаргасан молекул бүхий эм аж. Шулуун, бүдүүн гэдэсний хорт хавдартай 18 өвчтөнд эмчилгээний дараа дуран, позитрон ялгаралтын томограф, цөмийн рентген томограф, компьютер томографийн үзлэг шинжилгээ хийхэд хавдар илрээгүй байна.
Уг нээлт анагаах ухааны ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа аж. Калифорнийн их сургуулийн бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын мэргэжилтэн, доктор Алан П.Венук хэвлэлд өгсөн ярилцлагадаа өвчтөн бүр бүрэн ангижирса нь "урд өмнө нь сонсогдож байгаагүй зүйл" хэмээн мэдэгджээ.
"Достарлимабыг" хавдрын эсрэг гайхамшигт төгс эм гэж зарлахад одоогоор эрт байна гэж эмч нар онцолж байна. Үр дүн нь "амжилттай" боловч судалгааны хүрээг илүү томоор давтах шаардлагатай байгаа аж.