Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа дэлхий дахинд зарласны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд цөмийн зэвсэггүй улсууд хэрхэн хамтарч ажиллах, тэдгээрийн ач холбогдол, сорилт, хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцох олон улсын хурал зургадугаар сарын 9-10-нд болж байна. Тус хуралд АНУ, ОХУ, Японы эрдэмтэн судлаач, ТББ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн төдийгүй бусад орны мэргэжилтнүүд цахимаар оролцож байгаа аж. Уг хурал нь энэ сарын сүүлчээр Вена хотноо болох Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд оролцогч талуудын анхдугаар бага хурал, наймдугаар сард Нью-Йорк хотод болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын өмнө болж буйгаараа онцлог юм. “Цэнхэр сүлд” нийгэмлэг ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Мягмар “Манай улсын цөмийн зэвсгээс ангид статус олон улсын анхаарлыг татсаар байгаа. Тодруулбал, томоохон гүрнүүд цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөл үүссэн энэ цаг үед Монгол Улс цөмийн зэвсгийн эсрэг тууштай байна. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус нь үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Цаашид төр засагтай хамтран олон улсын албан ёсны гэрээ хэлэлцээрээр баталгаажуулах зорилготой ажиллаж байгаа” гэв.
М.Мөнхжаргал