Тун удахгүй буюу 2022 оны зургадугаар сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо Петербургийн олон улсын эдийн засгийн XXV чуулга уулзалт болно. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь "Шинэ ертөнц-Шинэ боломж"-ууд байх талаар зохион байгуулагчид онцолж байна. Өнгөрсөн жилийн нэгэн адил энэ оны чуулга уулзалтыг олон шинэлэг арга хэмжээ, үйл явдлаар дүүрэн байлгахаар төлөвлөсөн байна. Үндсэн хөтөлбөрөөс гадна Оросын жижиг, дунд үйлдвэрийн форум, Олон улсын залуучуудын эдийн засгийн болон Бүтээлч бизнесийн форум, Эмийн аюулгүй байдалд зориулсан хэлэлцүүлэг, Арктик-Хэлэлцээний талбар зэрэг уулзалтууд зохион байгуулна.
Олон улсын харилцааны хурцадмал байдал, барууны зарим улс ОХУ-д найрсаг бус, дайсагнасан байр суурьтай хандаж байгаа ч Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцох сонирхол нэмэгдсээр байна. Барууны хориг арга хэмжээ Орост улс төрийн шахалт үзүүлэх хэрэгсэл болон хувирч, эдгээр улсын эдийн засаг, санхүү том хохирол амссан билээ. Тийм ч учраас чуулга уулзалтын хүрээнд ОХУ, БНХАУ-ын санаачилгаар дэлхийн худалдааг долларгүй болгох, үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан санхүүгийн тооцоонд шилжих асуудлыг дахин идэвхтэй хэлэлцэхээр товлосон аж.
Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болох эдгээр үйл явц монголын талын сонирхлыг татна гэж зохион байгуулагчид үзэж буй. ОХУ-ын байгалийн арвин баялаг, бизнес эрхлэх өвөрмөц нөхцөл нь эрчим хүч, газрын хэвлийг ашиглах, төмөр зам, авто зам барих, хөдөө аж ахуй, мод боловсруулах, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх томоохон хэтийн төлөвийг нээж байна.
Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын өндөр түвшний төлөөлөгчид ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд, тэр дундаа олон улсын төлбөр тооцоог доллароос үндэсний мөнгөн тэмдэгт рүү шилжүүлэх боломжийн талаар ярилцах боломжтой юм.
Энэ жил Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь Евразийн орон зайд харилцаа холбооны тэргүүлэгч платформ гэдгээ дахин бататгаж, эдийн засгийг сэргээх, нэмүү өртгийн шинэ сүлжээг бий болгох, Европ, Азийн дэд бүтцийн харилцан уялдаа холбоог бэхжүүлэхэд түлхэц өгөх зорилготой байгаа билээ.