Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр, Канадын Алтны бичил уурхайн зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Planet gold” төслийнхөн БОАЖЯ-тай хамтран мөнгөн усны тухай Миниматагийн конвенцын хэрэгжилтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд ЭХЯ, ЭМЯ, ХХААХҮЯ зэрэг төрийн захиргааны төв байгууллагынхнаас гадна ОБЕГ, МХЕГ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд оролцов.
Хэлэлцүүлгийн эхний өдөр байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт өргөн хэрэглэдэг, мөнгөн ус агуулдаг бүтээгдэхүүнийг хэрэглээнээс халах, орлуулах боломжийн талаар хөндсөн бол өчигдөр алтны бичил уурхайн асуудлыг онцгойлон хэлэлцэв. Монгол Улс тус конвенцод 2015 онд нэгдсэнээс хойш мөнгөн ус болон түүнийг агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хянах, хязгаарлах, хориглох чиглэлээр олон талт арга хэмжээ авч буй ч гар аргаар алт олборлогчид уг хортой бодисыг хууль бусаар ашиглаж, эрүүл мэндээрээ хохирох явдал бүртгэгдсээр байгааг мэргэжилтнүүд онцлов. Даян дэлхийн байгаль орчны сан зэрэг олон улсын байгууллага мөнгөн усны хэрэглээтэй тэмцэх чиглэлээр манай улсад томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг үед Засгийн газар уул уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах, хариуцлагатай болгоход анхаарах шаардлагатайг ч дурдлаа.
Бэлтгэсэн: Ж.СУВД