Иргэд мотоцикл, цахилгаан дугуйгаар зорчих үедээ осолдох, бэртэж гэмтэх тохиолдол ихэссэнтэй, мөн түгжрэлээс улбаатайгаар энэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг түгээж, замын хөдөлгөөний дүрмийг санууллаа. Мопед, цахилгаан дугуй, мотоцикл зэргийг тээврийн хэрэгсэл гэж үздэггүйгээс хүмүүс аюулгүй байдлаа хангадаггүй, холбогдох дүрэм, журмыг баримталдаггүй, анхаарал болгоомжгүй ханддаг гэнэ. Гэтэл манай улсын замын хөдөлгөөний дүрэмд эдгээрийг механикжсан тээврийн хэрэгсэл гэж тодорхойлон, хэн, хаана, хэрхэн ашиглахыг нь нарийн заасан байдаг аж. Тухайлбал, мотоциклыг зөвхөн “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насныхан унах дүрэмтэй. Тэрчлэн “Хамгаалах малгай заавал өмсөнө, улсын дугаартай байна” гэж тусгажээ.
Дугуйтай зорчигчдын хувьд 14-өөс дээш насныхныг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг байна. 10-14 хүртэлх насныхан зөвхөн явган хүний болон зориулалтын замд ийм тээврийн хэрэгсэл унах боломжтой. Харин цахилгаан дугуйтай хүмүүст мотоциклынхтой ижил дүрэм үйлчилдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй, улсын дугаартай байх ёстой. Мопед унахад бичиг баримт шаардлагагүй ч 16-аас дээш насныханд ашиглахыг зөвшөөрдөг. Мөн хамгаалалтын малгай өмсөх шаардлага тавьдаг аж. Мопедтой хүмүүс дугуйн болон явган хүний замгүй газруудад зорчих хэсгийн баруун талыг баримтлан явах дүрэмтэй.
Бэлтгэсэн: Ж.МИШЭЭЛ