Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг импортлон, үүнд жилд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг аж. Мах, гурил, төмсийг дотоодоос бүрэн хангаж буй ч гурилан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ болон өндөг, нарийн ногоо, бүх төрлийн будаа, жимс, жимсгэнийн хэрэгцээнийхээ 30-100 хувийг худалдан авдаг байна. Ийнхүү импортоос хамааралтай байгаа нь цар тахлын энэ жилүүдэд, ялангуяа хил хаагдсан үед бүтээгдэхүүний хомсдол үүсгэн, үнийн хөөрөгдөл бий болгосон. Түүнчлэн импортын хамаарал нь инфляц өсгөх нэг шалтгаан болдог. Тиймээс ирэх таван жилд өндөг, сүү, цагаан идээ, нарийн ногоо, ургамлын тос, жимс, жимсгэнэ зэрэг 19 нэр, төрлийн хүнсийг дотоодоос нийлүүлэх зорилт тавин, “Хүнсний хувьсгал” аян өрнүүлж эхэллээ. Үүний хүрээнд цөөнгүй ажил эхлүүлсний нэг нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөн, хүнсний үйлдвэрүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан билээ. Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжилсэн үзэсгэлэнд 60 орчим үйлдвэр, цех, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцон, 200 гаруй нэрийн бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Үндэсний зөвлөгөөний нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний аюулгүй байдлыг ханган, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох нь бидний зорилт. Хүнс үйлдвэрлэлийн салбарт ирэх таван жилд хийх ажлын бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж буй. Энэ нь төрийн зүгээс хүнсний талаар баримтлах бодлогоо шинэчлэн тодорхойлж, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар шийдэмгий алхам хийж байгаа хэрэг” гэлээ. Тэгвэл таван жилд бид юу хийж чадах, ямар саад бэрхшээл тулгарах магадлалтайг сонирхов.
Улсын хэмжээнд одоогоор хүнс боловсруулах, үйлдвэрлэх 1900 гаруй цех, үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээрийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 2.8 их наяд төгрөгт хүрчээ. Түүнчлэн сүүлийн 10 жилд боловсруулах салбар дахь хүнс үйлдвэрлэлийн тоо дөрөв, биет хэмжээ нь 1.5 дахин нэмэгдсэн аж. Мөн төмснөөс бусад хүнсний ногооны нийлүүлэлт таван жилд 30 гаруй хувиар өсжээ. Харин нарийн ногоо, жимс, жимсгэнийн тариалалтад төдийлөн ахиц гарахгүй, хүлэмжийн аж ахуйн хөгжил тааруу хэвээр байгаа юм. Хүнсний хангамжид импортын бүтээгдэхүүн ноёлох нэг шалтгаан нь 1997 онд зарим хүнсний импортын гаалийн татварыг тэглэсэнтэй холбоотой хэмээн дээрх зөвлөгөөнд оролцогчид онцоллоо. Гэхдээ бүх төрлийн барааг татваргүй оруулж ирдэг гэж ойлгож болохгүй, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэгт өдгөө дунджаар 10 хувийг төлж байна. Харин эл хэмжээг эргэн харж, тухайлбал хүнсний ногооны импортын татвар 10 хувь байгааг 30-д хүргэвэл дотоодын нийлүүлэлт өсөн, үйлдвэрлэгчдэд дэмжлэг болох аж. Ер нь хүнсний бүтээгдэхүүний импортын татвар хоёр хөршид дунджаар 40 хувь байдаг юм байна. Татвар, тарифыг нэмэх нь богино хугацаанд хийх ажил биш гэнэ. Хөрш орнууд, бүтээгдэхүүн экспортлогч талуудтай зөвшилцөх, түүнчлэн ипортлогч, үйлдвэрлэгчийн саналыг сонсон, хэлэлцсэний эцэст татварыг нэмэх шаардлагатайг ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас дурдлаа. Татварыг нэмэх нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэг нөхцөл болох ч үнэ өсгөх, нийлүүлэлт багасах эрсдэл бий гэсэн үг.
Хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүчний нөөц цөөрсөн нь тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг. Цехүүд, үйлдвэрүүд ажилчин авахаар хэчнээн зарлаад ч сонирхох хүнгүй болсон аж. Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер, мехиникч, технологич зэрэг чухал мэргэжил эзэмшихээр сонгох, төгсөх оюутны тоо ч буурсныг мэргэжилтнүүд дурдаж буй. Тиймээс их, сургуульд хүнс үйлдвэрлэл, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер зэрэг чиглэлээр элсэгчдэд хөнгөлөлт үзүүлэх, ахисан түвшний боловсрол эзэмшихийг нь дэмжих, мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарахгүй бол түүхий эдийн гарц их, боловсруулах үйлдвэрийн хүчин чадал өндөр байгаад ч нэмэргүйг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн онцлов. Үүнээс гадна хүнс үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нэг алхам нь газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулах явдал аж. Уг салбарын тогтвортой хөгжлийг ханган, хөрс, бэлчээрийг хамгаалж, нэг га талбайгаас авах ургацын хэмжээ, нэг малаас гарах түүхий эдийн чанарыг сайжруулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ талаар ХААИС-ийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Г.Гантулга “2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо есөн тэрбумд хүрэх тооцоо бий. Ингэснээр бүх төрлийн хүнсний эрэлт одоогийноос дунджаар 30 хувиар нэмэгдэх юм билээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газар тариалангийн салбарын өгөөж буурч байгаа. Уур амьсгалын өөрчлөлт буюу дулаарал, цөлжилтөд хамгийн эрчимтэй нэрвэгдэж буй 10 орны наймдугаарт манай улс багтсан. Тиймээс юуны түрүүнд бид хөрс болон орчиндоо дасан зохицсон, ганд тэсвэртэй таримлын үр сортыг их хэмжээгээр бэлтгэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай гэсэн үг. Энэ тал дээр Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхэн чамлахааргүй ажил хийж байгаа ч илүү дэмжлэг, хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Түүнчлэн манай улсын бэлчээр 70-аас илүү сая толгой мал адгуулах даацтай. Харин бэлчээрээ зөв ашиглан, хөрсөө хамгаалж, мал маллах хуучны арга технологио сэргээн, хариуцлагатай хөдөө аж ахуйг хөгжүүлж чадвал бид малын тоонд санаа зовохгүй байж болно” гэлээ.
Хүнсний хангамжийг өсгөх, импортын хамаарлыг бууруулахын тулд хийх ажил их байгаа нь дамжиггүй. Тухайлбал, Хөдөө аж ахуйн багц хууль баталж, хүнсний хангамж, аюулгүй байдлын тогтолцоог шинэчлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээгдэхүүн хөгжлийн төв байгуулах хэрэгтэйг салбарын яамныхан онцолж байна. Мөн хүнсний сүлжээний үе шат бүрт зохистой дадал хэвшүүлэн, хөдөө аж ахуйн нэгдсэн цахим систем бүрдүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоог шинэчлэн, чадавхжуулж, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай аж. Түүнчлэн хүүхдийн хоол тэжээл, хуурай сүү, давс зэргийн сав, баглаа боодлын үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлбэл энэ төрлийн бүтээгдэхүүний хангамжийг нэмж болох гэнэ. Ташрамд дурдахад, ирэх таван жил хүнсний хангамжийг өсгөх зорилгоор 130 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, хүлэмжийн талбайн хэмжээг өсгөх, тосны ургамал боловсруулж бүтээгдэхүүн бэлтгэх, зөгий, гахай, тахианы туслах аж ахуйг хөгжүүлэх зэрэгт 1.7 их наяд төгрөг шаардлагатайг тооцжээ. Хөрөнгө оруулалт татан, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын оролцоо мэдээж чухал юм.
Бэлтгэсэн: С.Дулам