Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, баяр наадамтай холбоотой зарим шийдвэр гаргажээ. Тодруулбал, долдугаар сарын 10-13-нд бүх нийтээр баяр наадмаа тэмдэглэх бол тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 29-31-нд зохион байгуулна. Харин шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан ирэх сарын 22-24-нд Хэнтий, баруун бүсийнх Ховд аймаг, төвийн бүсийнх нийслэлийн Налайх дүүрэгт 29-31- нд болох нь. Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл, говийн бүсийнхийг Дундговь, зүүн бүсийнхийг Сүхбаатар, зуны бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулах аж. Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг 90, 91 жилийн ой, баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт ирүүлжээ.
Цар тахлаас болж сүүлийн жилүүдэд өргөн дэлгэр тэмдэглээгүй баяр наадмыг энэ удаа зохион байгуулалтын өндөр түвшинд хийхээр зорьж буйг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан онцолсон. Тодруулбал, “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Хүй долоон худагт, төрийн ёслол, хүндэтгэлийн концерт Төв талбайд, наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь. Өмнө нь бөхийн барилдаан дууссанаар наадам өндөрлөдөг байсан бол энэ удаа нээлтийн адил хаалтын ёслол хийх аж. Түүнчлэн наадмын үеэр дүүрэг бүрт худалдаа, үйлчилгээний гудамж, талбайг засаж, тохижуулах юм байна. Мөн наймдугаар сард аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг сурталчлах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Наадмыг хийхэд улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөг гаргах юм байна. Тасалбарыг нь цахимаар худалдах ажлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан хариуцан хийж байгаа гэнэ.
Бэлтгэсэн: Б.УРАН