“Эрдэнэс Монгол”-д “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийг нэмж, бүх охин компанийг нь үйл ажиллагааных нь чиглэлээр хоёр группэд хуваах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргав. Тодруулбал, тус компанийг зэс, металлын болон нүүрс, эрчим хүчний групп болгож хуваан, тус тусад нь нэг ТУЗ-өөр удирдуулахаар шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, охин компани бүр ТУЗ-тэй байхаа болих нь. “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын ТУЗ-д 230 орчим хүн ажиллаж буй аж. Ингэснээр дээрх хоёр ТУЗ-д нийт 27 хүн ажиллаж, бусдыг нь чөлөөлөх юм байна. Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг батлан, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Норвегийн тэтгэврийн сангаас зөвлөх мэргэжилтэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өгсөн бөгөөд “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд заасанчлан “Эрдэнэс Монгол” компани дэлхийн уул уурхайн шилдэг корпорациудын үйл ажиллагааны хэв маягтай төстэй, групп байдлаар явж байгаа” хэмээв.
Бэлтгэсэн: У.НАРАН