Манай улсын өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлохыг хүсдэг, оролдлого хийдэг нь олон, тодорхой хэлбэл таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай боддог, зургаан хүүхэд тутмын нэг нь амиа хорлох үйлдэл хийж үзсэн байна. Энэ үзүүлэлт бол “Оптимал эн макс” компанийнхны саяхан танилцуулсан “Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааны дүн юм. Нийслэл болон орон нутагт амьдардаг 14-19 насны 1667 оролцогчийг хамруулан судлахад 57 хувьд нь сэтгэл гутралын шинж тэмдэг түгээмэл илэрсэн байж. Шалтгаан нь гэр бүл, ялангуяа эцэг, эхийн харилцаа, сургуулийн орчны ялгаварлан гадуурхалт.
Өсвөр насныхны сэтгэл зүйн байдал иймэрхүү “өнгөтэй” байгаа бол насанд хүрэгчдийнх түүнээс ялгаагүй буюу нийт хүн амын 49 орчим хувь нь сэтгэл зүйн ямар нэгэн тулгамдсан асуудалтай юм байна. Гэвч энэ тухайд асуудал дэвшүүлдэг, санаа тавьдаг, арга хэмжээ авдаг субъект манай улсад өнөө хүртэл алга. Засгийн газар, ЭМЯ, тэр бүү хэл мэргэжлийн чиг үүрэг бүхий СЭМҮТ ч анхаардаггүйгээр үл барам асуудлыг өөрөөсөө зайлуулах мэт байдаг нь хачирхалтай. СЭМҮТ үүнд анхаардаггүй гэдгийг тус төв орон тооны сэтгэл зүйч ажиллуулдаггүй гэдгээр тайлбарлаж болно. Энэ нь хуулийн хүрээний дутагдал ч юм билээ. Тэгэхээр энэ эмнэлгийнхэн юу хийдэг вэ гэдэг асуулт гарна. Тэд зөвхөн хүн амын гурван хувийг эзэлдэг сэтгэцийн эрүүл мэнд нь нэлээд доройтсон буюу хүндэрсэн өвчтөнүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх ажил эрхэлдэг. Мөн наркологийн хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг тойглож байдаг гэж ч болно. Өөрөөр хэлбэл, СЭМҮТ биеийн амрыг харж ажилладаг эмч мэргэжилтнүүдийн баг болжээ гэж ойлгохоор. Энэ эрхийг мөн л хууль олгосон гэхээр.
Дээр дурдсанчлан өсвөр насныхан сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болох нь элбэг болсон энэ цаг үед улсаас, Засгийн газраас мэргэжлийнхнээ түшиглэж арга хэмжээ даруй авахгүй байх аваас нэг л мэдэхэд насанд хүрэгчдийн дийлэнх олонх нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалд нэрвэгдэж, тэр дунд амиа хорлох сэтгэхүйтэй иргэн олширсоор байвал асуудал давагдашгүй хүчин зүйл мэт газар авах вий гэсэн болгоомжлол байна.
Айдас, түгших, сэтгэл гутрах, хямрах, амиа хорлохыг завдах, согтууруулах ундаа, компьютерт донтох зэрэг сэтгэл зүйн эмгэгт нэрвэгдсэн хүмүүсийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах этгээдүүд хэмээн хүлээн зөвшөөрдөггүй, эрүүл болон эрүүл бус гэсэн ангиллын завсарт хаячихсан байдалтай хэдий хүртэл байлгах вэ.
Манай улс Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай нь сайн хэрэг. Энэ хүрээнд СЭМҮТ хүн амын гурав орчим хувийг эзэлдэг олны хэлдгээр “Шар хад”-ныханд тусламж, үйлчилгээг зохих шаардлагын хүрээнд үзүүлсээр байдаг юм байж. Тэгвэл одоо нийгмийн болон иргэдийн сэтгэл зүйн байдлыг үндэслэн Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх хуультай болох шаардлага буйг хаана, хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Хэрэв ийм хуультай болбол энэ чиглэлд стандартууд бий болж, ядаж л сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүст эрүүл мэндийн даатгалтын шугамаар үйлчилдэг болно шүү дээ.
Өнөөдөр манай улсын хүн амын 49 орчим хувь нь сэтгэл зүйн ямар нэг төрлийн эмгэгтэй байна гэдгийг тайлбарлая. Эдгээр нь 2013 онд хийсэн “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаа” хэмээх улсын хэмжээний тархалтын судалгаанд дурдсанаар өвчний олон улсын аравдугаар ангиллаар сэтгэцийн өвчний онош тавигдаагүй ч өөрийнхөө сэтгэл хөдлөл, зан үйлийг зохицуулах чадвар суларсан, сэтгэл санаагаар унадаг асуудлаа шийдэж чаддаггүй гэж үнэлэгдсэн хүмүүс аж. Тэдний асуудлыг шийдэхгүй явсаар байх аваас дараагийн шат буюу сэтгэцийн эмгэгтэй болно. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг СЭМҮТ хийх ёстой ч, эмч, мэргэжилтнүүд өнөөх “Шар хад”-ны хэмээх өвчтөнүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс хэтэрдэггүй байна. Ажлын ачаалал ч ихтэй. Нөгөө талаар сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүстэй сэтгэл зүйчид шиг тулж ажиллах нөхцөл байдаггүй юм байна. Сэтгэл санаагаар унаад байна гэсэн зовиуртай хүнд эм зааж, хэд хоног уухыг нь хэлж өгөөд гаргана уу гэхээс тухайн хүн яагаад сэтгэлээр гутардгийг ул суурьтай оношилдоггүй. Зүй нь ийнхүү оношлох нь сэтгэл зүйчдийн мэргэжил, ажил бөгөөд тухайн хүнтэй нэг удаа уулзах бус, олон дахин асууж, ярилцаж, тусгай арга, аргачлалын хүрээнд шалтгааныг тодруулдаг нарийн ажил. Гэтэл одоогийн байдлаар сэтгэц, сэтгэл судлал хоёрыг ялгадаг нь аль, аль түвшинд дутмаг байдгаас нийтийн дунд сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүний тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа аж. Саяхан өсвөр насныхны дунд хийсэн сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан байдлаас ч харж болохоор байна.
Тэгэхээр дээр хэлсэнчлэн Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний хуультай болж, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болсон иргэддээ эрүүл мэндийн даатгалын хүрээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх цаг болсныг хууль тогтоогчдод дуулгая. Даралт ихсэх өвчтэй хүнд эмийг даатгалаар олгодог. Өвчин намдаах эм ч өгдөг. Тийм атал нийгмийг бүрдүүлэгч иргэдийн эрүүл саруул аж төрөх суурь үзүүлэлт болсон сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйлчилгээг төрийн даатгалд хамруулж яагаад болохгүй гэж. Хамгийн чухал асуудал мөнөөс мөн санагдана.
Олон улсад энэ асуудалд яаж ханддаг талаар тандсан юм. БНСУ-д сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай иргэддээ даатгалаар үйлчилдэг юм байна. Эмнэлэгт хүлээж авч, хамгаалагч ажилтантай тусгай өрөөнд хэвтүүлэн эмчилж, үйлчилдэг. Эрүүл мэндийн даатгал олон жил тогтмол төлсөн иргэдэд төлбөрийн 70 хувийн хөнгөлөлт үзүүлдэг аж.
Мөн Польш улсад үлгэр авах сайн жишээ байна. Тус улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбооны төлөөлөл манай улсад ирээд байхдаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлд сар тутамд сэтгэл зүйч очиж зөвлөгөө өгдөг. Тухайн хүүхдийн аав, ээж, ах, эгч, дүү нартай нь уулзаж, ажилладаг. Энэ бүхний төлбөрийг улсаас хариуцдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрийнхэн мөн л сэтгэлээр ихээхэн хямардаг учраас ийм тусламж, үйлчилгээ төрөөс үзүүлдэг юм. Үүнийг Засгийн газраас журамласан байдаг” гэж мэдээлж байв.
Бусдын сайн жишээг үлгэр болгосон ч, улс орныхоо нийгмийн байдал, иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг үнэлж дүгнэсэн ч Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний хуультай болж, энэ төрлийн үйлчилгээг иргэдэд эрүүл мэндийн даатгалын хүрээнд үзүүлэх цаг нэгэнт болжээ.
Бэлтгэсэн: Р.Оюунжаргал