Норвегийн хаан V Харалд, хатан хаан Соня нарын ууган охин Марта Луиза 47 настай Африк гаралтай АНУ-ын иргэн Дюрек Верретт гэдэгтэй гэрлэжээ. Энэ тухай “Associated Press” мэдээлэв.
Гүнж Марта Луиза өдгөө 50 настай бөгөөд хаан ширээг залгамжлагчдын дөрөвт бичигддэг. Тэрээр зохиолч Ари Бентэй 15 жил ханилж байгаад 2017 онд салсан байна. Хоёр жилийн дараа Бен амиа хорлосон юм.
Харин түүний сонгосон Дюрек Верретт гэдэг нь 47 настай, өөрийгөө бөө хэмээдэг бөгөөд тусгай цахим сургалт явуулж, хүн амьтныг эмчлэхийн тулд онгодуудаа дуудан бөө буудаг гэнэ. Тэрбээр Холливудын олон жүжигчдийн, тухайлбал Гвинет Пэлтроу, Нина Добрев, Селма Блэр, Бонни Райт, Антонио Бандерас нарын зөвлөгч, багш нь аж
Гүнж, бөө хоёр дотно харилцаатай болсноо 2019 онд зарлажээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гүнж Марта Луизаг бөөгийн үйлчлүүлэгч байсан гэж мэдээлж байжээ.
“Норвегийн Цог жавхлант хаан, Эрхэмсэг хатан хаан нар хосуудад чин сэтгэлээсээ баяр хүргэж, цаашдын ажилд нь сайн сайхныг хүсэн ерөөж байна" гэж мягмар гарагт нийтэлсэн Норвегийн хааны ордны албан ёсны мэдээнд дурджээ.