Хөлбөмбөгийн “Челси” клубыг Тодд Боли тэргүүтэй АНУ-ын_ хөрөнгө оруулалтын “Clearlake Capital” консорциумд 4.25 тэрбум фунтээр заржээ.
Өмнөх эзэн Роман Абрамовичийн эсрэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой гэдэг үүднээс хориг арга хэмжээ авч, түүний эзэмшилийн клубыг гуравдугаар сард худалдаанд гаргасан юм.
“Челси” клуб улсын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тус лицеэзийн хугацаа нь тавдугаар сарын 31-нд дууссан аж.
Тодд Болийн консорциум нь “Челси”-г худалдах хүсэлтэй 11 чухал өрсөлдөгчийг ялж байж клубын шинэ эзэмшигч болсон байна. "Бид “Челси” хөлбөмбөгийн клубын шинэ эзэд болсноо нэр төрийн хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд хөгжөөн дэмжигчид биднээр 100% бахархахыг бүгд хүсч байна" гэж Боли хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Их Британийн засгийн газар дээрх гэрээний нөхцлийн дагуу Путины дэглэмтэй холбоотой хэн ч, тэр дундаа одоогийн клубын эзэн асан Роман Абрамович ашиг олохгүй гэдэгт итгэлтэй болсны дараа л клубыг худалдах тусгай зөвшөөрлийг олгожээ.
Борлуулалтаас олсон орлогыг банкны тусгай дансанд хийн түр царцааж дараа нь Украины дайнд нэрвэгдэгсдийг дэмжих буяны байгууллагуудад шилжүүлэх юм байна.
Хэдий “Челси” “Clearlake Capital” компанийн анхны хөлбөмбөгийн баг ч 48 настай Тодд Боли спортын бизнест танихгүй хүн биш аж. Тэрээр бейсболын Дэлхийн цувралын долоон удаагийн аварга “Лос -Анжелес Дожерс”, эмэгтэй сагсан бөмбөгийн “Лос- Анжелес Спаркс” баг, НБА-гийн франчайзын “Лос Анжелес Лэйкерс”-ыг хамтран эзэмшдэг юм байна.