Хүний эрхийн төлөө “Афганистаны бүрэн эрхт эмэгтэйчүүд” хөдөлгөөний гишүүд нийслэл Кабулд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, охидын дунд сургуулийг нээхийг эрх баригчдаасаа шаардсан байна. Тэд нүүрээ ил гарасан хижаб өмсөн, “Талх, ажил, эрх чөлөө” гэсэн лоозон барин жагссаныг “Aamaj news” агентлаг уламжлав.
Талибуудын ялгаварлан гадуурхсан арга хэмжээг идэвхтнүүд буруушааж, эмэгтэйчүүдийн ардчилсан эрхийг сахин биелүүлэхийг уриаллаа. Уг арга хэмжээнд олон арван хүн оролцов. Цагдаа нар жагсагчдыг тараасан байна.
Гудамж болон олон нийтийн газарт эмэгтэйчүүд нүүрээ халхалсан гивлүүр заавал зүүх ёстой гэсэн шийдвэрийг “Талибан” хөдөлгөөний дээд удирдагч мулла Хибатулла Ахунзада энэ сарын эхээр гаргасан юм. Гивлүүр нь исламын шашинт эмэгтэйчүүдийн уламжлалт хувцас бөгөөд тэднийг хүндлэх сэтгэгдэл төрүүлдэг гэж тэрбээр тайлбарлажээ. Үүний дараа Дотоод хэргийн сайд Сиражуддин Хаккани нь CNN телевизэд ярилцлага өгөхдөө талибууд эмэгтэйчүүдийг гивлүүр зүүхийг албадаагүй гэжээ. Харин Афганистан хүний эрхийн олон сорилттой тулгарч байна гэж тус улс дахь НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Ричард Беннетт хэлэв. “Талибууд охидын дунд сургуулийг нээж, хүртээмжтэй Засгийн газар байгуулж, яриа хэлэлцээ хийх нөхцөл бүрдүүлбэл тус улсын байдал тогтворгүй болох эрсдэл мэдэгдэхүйц буурна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Үүний хариуд талибууд олон улсын хамтын нийгэмлэгт хандан “Афганчуудын шашин, соёлын үнэт зүйлсийг хүндэтгэж, зарим хэвлэлд гарсан сөрөг мэдээлэлд үндэслэн Афганистан улсыг буруушаахгүй байх”-ыг уриалав.
З.Амгалан