Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд айлчилсныхаа дараа уйгурчуудын талаар баримтлах бодлогоо эргэн авч үзэхийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Хятадад уриалжээ. Тэрбээр тус улсад зургаа хоног айлчилсан юм. Гуанжоу хотоос цахимаар хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээллээс үзвэл тэрбээр тус өөртөө засах оронд мэргэжлийн боловсрол, сургалтын зориулалттай хэмээн Хятад улс танилцуулсан, шорон болон байгууламжтай танилцсан гэнэ. Үүнийг терроризм тархахаас сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг гэж Бээжин мэдэгджээ.
Терроризмын эсрэг авч байгаа арга хэмжээнүүд болон тэдгээр нь уйгур, бусад исламын шашинтан голдуу цөөнхийн эрхэд нөлөөлж байгаа талаар санаа зовж буйгаа Бачелет илэрхийлээд, хэд хэдэн асуудал хөндсөн байна. Хятадын Засгийн газраас терроризмын эсрэг арга хэмжээнүүд болон хэт туйлшрах үзлээс ангижруулах бодлогоо эргэн харж, олон улсын хүний эрхийн стандартад бүрэн нийцүүлж, доромжилсон, ялгаварлан гадуурхсан байдлаар хэрэглэхгүй байхыг тэрбээр уриалжээ. Мөн ойр дотнын хүмүүстэйгээ холбоо тасарсан, гадаадад амьдардаг уйгур гэр бүлүүдийн талаар М.Бачелет ярьсан аж. Ийм гэр бүлүүдийг мэдээллээр хангах арга хэмжээг нэн тэргүүнд авахыг эрх баригчдад нь тэрбээр уриалсан байна.
Бэлтгэсэн З.Амгалан