АНУ-ын Техас муж дахь Ювалди хотын Робб бага сургуулийнхан мягмар гарагт (2022/05/24) зэвсэгт халдлагад өртлөө. Үүний улмаас нэг ангийн 19 хүүхэд, 2 багш зэвсэгт этгээдийн гарт амиа алдсан аж. Цагдаагийн алба хаагчид 18 настай, зэвсэглэсэн халдлага үйлдэгчийг хэргийн газарт буудаж хөнөөсөн гэнэ.
Гэмт хэрэгтнийг Сальвадор Рамос гэдэг, тус хотын оршин суугч ажээ. Тэрбээр сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, 2 винтов буу, хэдэн зуун сумаар зэвсэглэсэн байсан ба хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө 18 нас хүрчээ. Улмаар аллага үйлдсэн 2 бууг өөртөө төрсөн өдрийн бэлэг болгон худалдаж авсан байна. Хэрэг гарсан өдрийн өглөө хэрэгтэн эмээтэйгээ хүчтэй маргалдаж, уурандаа түүнийг буудаад, буугаа үүрч машиндаа сууж хурдтайгаар давхиж одсоныг хөршүүд нь гэрчилсэн байна. Тус зэвсэгт этгээд нь сургууль руу явах замдаа хэд хэдэн хүнийг буудаж шархдуулсан нь тогтоогджээ.
Энэхүү аллага нь АНУ-ын түүхэнд сургууль дээр хамгийн олон хүний амь хөнөөсөн хоёр дахь хэргээр бүртгэгдэв. Өмнө нь 2012 оны арванхоёрдугаар сард Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд зэвсэгт этгээд нэвтэрч, 20 хүүхэд, зургаан багшийг хөнөөсөн аймшигт хэрэг гарч байжээ.
Тус халдлага нь талаар АНУ-ын эрх баригч нам ба сөрөг хүчний хооронд галт зэвсгийн тухай хууль тогтоомж, галт зэвсгийн хэрэглээ үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн, галт зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн зэрэг ихээхэн маргаан дэгдээгээд буй. "Ковид-19" цар тахал дэгдэхээс өмнө АНУ-д нийт иргэнээс нь ч олон тооны галт зэвсэг бүртгэлтэй байжээ. Сүүлийн үед галт зэвсгийн худалдан авалт эрчимтэйгээр өсөж байгааг судалгаагаар нотолсон байна. Үүнээс үүдэн галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэргийн тоо тогтмол өсөж, түүнд нь хүүхдүүд өртөж хохирох эрсдэл нэмэгдэж буйг зарим улстөрч цохон тэмдэглэжээ.