Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч На Гён Вон нар Давос хотноо уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн, хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэсэн. Цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө БНСУ-ын шинэ Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн солилцоо, түүний дотор аялал жуулчлалыг дэмжих зорилгоор манай Засгийн газраас Монгол Улсад зорчих БНСУ-ын жуулчдыг ирэх хоёр жилийн хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлөхөөр шийдвэрлэснийг онцолсон юм. Хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын үүднээс монгол иргэдэд мөн визийн хөнгөлөлт үзүүлэх, тухайлбал, эмчилгээний зорилгоор зорчих хүмүүсийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй болох чиглэлд анхаарал тавихыг хүсэв.
Тусгай элч На Гён Вон хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг төдийгүй ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөгжүүлэх ихээхэн нөөц, боломж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн БНСУ-ын шинэ Засгийн газар нь Монгол Улстай бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.