World bog snorkelling championships буюу намагт сэлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Британийн Өмнөд Уэльст жил бүрийн зуны дунд сард болдог аж. Эл тэмцээнийг англи залуу Гордон Грин 1980-аад онд сэдсэн гэнэ. Оролцогчид намаг дундуур ухаж, бэлтгэсэн 60 метр урт шуудуунд уралдана. Тэмцээний гол шаардлага нь ам, хамар, нүд рүү ус, шавар шавхай оруулахгүйн тулд хамгаалалтын тусгай шил болон гуурс бүхий ам, хамрын хаалт хэрэглэх ёстой. Хувцаслалтын хувьд дүрэм байхгүй, хүссэнээ өмсөж болно. Эл тэмцээнд Европ, Америк, Австрали тивийнхэн идэвхтэй оролцдог бөгөөд хураамж болгон 15 фунт стерлинг оролцогчдоос авна. Тэмцээний бүх орлогыг буяны ажилд зарцуулдаг юм байна. Жишээ нь, ихэвчлэн хавдартай хүмүүст зориулах зэргээр жил бүр тодорхой зорилготой зохион байгуулдаг аж. Оролцогчид шуудууг хоёронтоо туулах ёстой. Өөрөөр хэлбэл, намгийн усанд 120 метр зам туулна гэсэн үг. Хэдийгээр хүссэн хүн болгон оролцох боломжтой ч 14 нас хүрээгүй тохиолдолд хориотой. Харин насны дээд хязгаарыг заадаггүй. 70 насныхаа ойг намагт уралдаж өнгөрүүлсэн эмэгтэй ч байна. Дүрэмд заасны дагуу тэмцээн зохион байгуулагчид тусгайлан сонгосон намаг дунд сэлэхэд чөлөөтэй байхаар тооцоолон шуудуу ухаж, үзэгчдийн “тавцан” хүртэл засдаг аж. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан 30 гаруй удаагийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн дээд амжилтыг англи бүсгүй Абигаил Жеймс тогтоожээ. Түүний амжилт 57 секундээр хэмжигддэг. 1989, 1994 онд аварга болсон Стив Мейдлин хэмээх, мөн англи залуугийн хувьд нэг минутад намгийн усанд 120 метрийг туулсан юм байна.
Ташрамд дурдахад, сүүлийн хагас зуунд намагт стандартын бус олон тэмцээн зохион байгуулдаг болсон аж. Жишээ нь, намаг дахь хөлбөмбөг, намаг дундах шумуул цохих зэрэг сонирхолтой тэмцээн бий гэнэ.