Виктор Орбаныг Унгарын Парламент Засгийн газрынхаа тэргүүнээр дахин сонгов. Түүний нам өнгөрсөн сарын эхээр болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэрбээр дөрөв дараалан улсаа удирдахаар болж, Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчдаас энэ суудалд хамгийн удаан “суух” нь.
…Дөрөвдүгээр сарын 3-ны орой Виктор Орбан Дунай мөрнийн эрэгт байгуулсан сонгуулийн өмнөх штабынхаа дэргэдэх тавцан дээр гарч ирэв. “Бид Брюсселиэс ч олж харахуйц томоохон ялалт байгууллаа” гэж тэр хэллээ. Энэ өдөр болсон сонгуулийн дүнгээр эрх баригч “Фидес” нам өрсөлдөгчөө хол орхиж, түүний удирдагч Виктор Орбан дөрөв дараалан Унгарын Ерөнхий сайдаар ажиллах болов. Зүүний үзэлт түүнийг үзэл бодлоор хоорондоо эрс тэс зөрөлдөөнтэй улс төрийн зургаан хүчний эвсэл сөрөн зогсож байлаа. Сөрөг хүчний сонгуулийн сурталчилгаа авлигатай хийх тэмцэл, өрсөлдөгчдийнх нь бодлоор Унгарын иргэдийн ардчилсан эрх, эрх чөлөөг боомилж, Унгарыг Европоос хөндийрүүлж байгаа Орбаны хуучинсаг үзэл зэрэг дотоод бодлогын асуудлыг хөндөв. Мэдээж гадаад бодлогыг орхиогүй. Украин дахь байлдааны ажиллагаа Владимир Путинтэй ойр байдаг Орбаны байр суурийг сулруулах ёстой гэж үзэж байлаа. Унгарын Ерөнхий сайдыг Оросын Ерөнхийлөгчийн Европ дахь сүүлчийн анд гэж нэрлэх нь цөөнгүй байдаг юм.
Өрсөлдөөний хүч эхнээсээ л тэнцвэргүй байлаа. “Фидес”-ийг ялуулахаар асар их хүч дайчлав. Унгарын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь ямар нэг хэмжээгээр төрийн хяналтад байдаг. Европын олонх улсаас ялгаатай нь нэр дэвшигчдэд телевизийн сурталчилгаанд нь ижил хэмжээний цаг олгох хууль байхгүй. Тиймээс сөрөг хүчний улстөрчид төрийн мэдлийн телевизийн дэлгэцээр бараг харагдаагүй аж. Тэгвэл “Фидес” нэгдсэн сөрөг хүчнээс найм дахин илүү сурталчилгаа хийсэн байна. Ийнхүү эрх баригч нам татвар төлөгчдийн мөнгөөр мэдээллийн орон зайд төвөггүй ноёлж байжээ. Түүнээс гадна “Фидес” эрх мэдэлтэй байсан 12 жилдээ сонгуулийн хууль тогтоомжийг өөрт ашигтайгаар хэд хэдэн удаа өөрчилсөн аж. Энэ бүхэн 2010 оны сонгуулиас найман хувиар бага санал авсан ч 2014 онд эрх баригч намыг Парламентад хэт олонх болгосон. Румын, Словак, Карпатын чанадын Украинд оршин суугаа унгарчуудад сонгуулийн эрх олгосон нь Орбанд ашгаа өгч, хилийн чанадад санал өгөгчдийн 90 гаруй хувь нь “Фидес”-ийг дэмжсэн байв. Шуудангаар санал авч буй үйл явцад завсаргүй хараа хяналт байхгүйд сөрөг хүчин ихээхэн эгдүүцэж, эрх баригч намыг луйвар хийж байна хэмээн шүүмжилж байлаа. Трансальванид шатсан саналын хуудсууд бүхий хүүдий олсон нь энэ сэжгийг лавшруулсан бөгөөд тэдгээр хуудас бүгд нэгдсэн сөрөг хүчнийг дэмжсэн хүмүүсийнх байсан аж. Сонгууль шударга болсонд эргэлзэж буйгаа олон улсын ажиглагчид ч илэрхийлэв. Европын улс төр судлаачид энэ сонгуулийг “чөлөөт байсан, харин шударга байгаагүй” гэж үзжээ.
Ямар ч байлаа гэсэн Орбан болон түүний нам Парламентынхаа суудлын гуравны хоёр (199 суудлын 135-ыг)-ыг нь авав. Нэгдсэн сөрөг хүчний ирээдүй тун эргэлзээтэй болж, энэ хүнд ялагдал алаг цоог эвслийг тарахад хүргэнэ гэж доцент Вадим Трухачёв дүгнэжээ.
Орбаны хуучинсаг бодлого Европын Холбоонд ширүүн шүүмжлэлд өртдөг. Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Европын Холбооноос гарахыг Унгарт санал болгож байв. Тус улс бэлгийн харьцааны уламжлалт бус чиг хандлагатай тэмцэх хуультай, ийм хүмүүсийг хүйсээ солиулахыг зөвшөөрдөггүй. Эл хандлагыг сурталчлахтай холбоотой бүх нийтийн санал асуулгыг Парламентын сонгуультай хамт явуулсан ч оролцогчдын ирц хүрээгүй. Сонгогчдын тал хүрэхгүй хувь нь санал асуулгад оролцжээ. Түүнчлэн 1.6 сая саналын хуудас (нийт хуудасны гуравны нэг орчим нь) хүчингүй болсон аж.
Унгарын удирдагч өнөөг хүртэл баримталж ирсэн бодлогоосоо татгалзах, Европын Холбоотой “үзэл суртлын дайнаа орхих” шинжгүй байна. Унгарын консерватив Засгийн газар Польшоос жишээ авч анхаарлаа “үр хөндөх” хэмээх нийгмийн илүү хурц асуудалд хандуулах бололтой. Одоогоор энэ асуудлаар эрс хязгаарлалт тавиагүй ч үр тогтсон үеэс хүний амь насыг бүрэн хамгаалах заалтыг Орбаны үед Үндсэн хуульд оруулж, төсвөөс нэмэлт хөрөнгө авахын тулд эмнэлгүүд үр хөндөхөөс татгалзах шаардлагатай болжээ.
Орбаны ялалтыг Унгарт “ганц хүний дэглэмийн шинэ эрин” гэж нэрлэж, Чөлөөт ардчилсан намаас Европарламентад сонгогдсон депутат Кернер Мориц сонгуулийн төгсгөлийг “хүүхэд худагт унах”-тай зүйрлэсэн байна. Одоо Орбаныг ардчилсан арга замаар унагах бараг боломжгүй болсон аж. Унгар ардчилсан улс байхаа больсон, энд ардчиллын шинж чанарууд нэрийн төдий хадгалагдаж, улс төрийн тогтолцоо нь эрх баригч намын ашиг сонирхолд л үйлчлэхээр зохион байгуулагдсан гэж олон улсын зарим байгууллага үзэж байна. Европарламентын иргэний эрх, шударга шүүх, дотоод асуудлын хороо ч үүнтэй санал нэг байгаа аж. Орбан өөрөө болохоор “либерал бус ардчилал” гэх нэр томьёог илүүд үзэж байгаа юм. “ХХI зууны Европын ардчилалд Унгар нийцэхгүй байна. 60-70-аад оны эцсийн баруун Европ л байна. Ардчилал арай биш, нэг хүний захиргаандлын дэглэм ч бас биш” гэж доцент Вадим Трухачев хэлсэн байна. Унгарын улс төрийн одоогийн тогтолцоо олон талаар Виктор Орбанд өөрт нь зориулагдсан бөгөөд тэрбээр олон түмнийхээ дунд нэр хүнд нь намаасаа илүү өндөр юм байна. Энэ нь Баруун Европын оршин суугчдыг бодвол унгарчууд Засгийн газраа том улстөрч удирдаж байхад сэтгэл хангалуун байдагтай холбоотой гэж Вадим Трухачев тайлбарлажээ. “Орбан 25 насандаа гудамжнаас улс төрд орж ирсэн хүн. Тэрбээр Унгар улс, унгар үндэстний аврагч болохоо харуулсан” гэж мөнөөх Трухачёв хэлжээ. Орбан бол Орос, Хятад, Америк, Германы алиных нь ч талыг баримтлагч биш, гагцхүү Унгарын төлөө хүн, хүмүүст энэ нь таалагддаг.
Сүүлийн 10 жил Будапешт, Брюссель хооронд санал зөрөлдөөн улам бүр ихэссээр. 2015 онд дүрвэгсдийн хямралын үед Польш, Чехийн зэрэгцээ Европын Холбооноос тогтоосон хэмжээгээр дүрвэгсдийг хүлээж авахаас Унгар татгалзсанаар зөрчилдөөн улам гүнзгийрчээ. Европын Холбооны шүүхийн шийдвэрийг сөрж Орбан байр сууриа өөрчлөөгүйгээр барахгүй улс оронд нь тулгалт хийж байна гэж Брюсселийг шүүмжилсэн юм. Цагаачдын эсрэг тэмцэл одоо ч “Фидес”-ийн бодлогын гол чиглэл болж байна.
Украинд дайн эхлээд ч Унгарын эрх баригчид хийгээд Европын Холбооны санал зөрөлдөөн намжсангүй. Оросын эсрэг тавьсан таван багц хоригийг Орбаны Засгийн газар дэмжсэн ч Унгарын нутгаар дамжуулан Украинд зэвсэг нийлүүлэхийг урьдын адил эрс эсэргүүцсээр байгаа юм. Одоо Оросоос ойрын зургаан сард нефть нийлүүлэхийг хязгаарласан зургаа дахь хориг тавихыг мөн эсэргүүцэж буй. Оросын нефтиэс ихээхэн хамааралтай байдаг Унгарын хувьд ийм хориг нь Орбаны бодлоор “цөмийн бөмбөг”-гийн цохилттой дүйх аж.
Будапешт, Бюрсселийн хооронд таагүй байдал нэмэгдэхийн хэрээр Унгар Европын Холбооноос гарахыг илэрхийлсэн Huxit гэх үг сонсогдоод байх боллоо. Үйл явдлын ийм өрнөл бодит биш харагдаж байна. Орбан “Бид цаашдаа Европын Холбоонд байгаагаар ирээдүйгээ төсөөлдөг. НАТО-гийн гишүүн орон байх болно” гэж онцолсон. Трухачёвын тэмдэглэсэнчлэн Брюссельтэй харилцаагаа хурцатгах чиглэлд Орбан явахгүй, улс орон нь бэл бэнчин нимгэнтэй болохоор Европын Холбооны дэмжлэгээс үлэмж хамааралтай юм.
Бэлтгэсэн: Г.Жаргалант