АНУ-д нялхас хоолны хомсдолд оржээ. Учир нь тэдэнд зориулсан нэмэлт сүүний нийлүүлэлт бараг хоёр дахин буурсан байна. Нялхсыг хооллоход үнээний сүүг түр хугацаагаар хэрэглэхийг, гэхдээ үүнийг боломжтой бол удаан хугацаагаар ашиглахгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөсөн аж. Ээжүүд нэмэлт сүүг шингэлэн хэрэглэж, өдөр бүр хэдэн цагаар хүүхдийн сүү хайж байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн нисэх онгоцнууд хүүхдийн сүүний төлөө яаралтай нислэг үйлдэж байна. Хүүхдийн сүү хомсодсонтой холбоотойгоор Нью-Йорк хотод онц байдал зарлаж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх шийдвэр гаргажээ.
Тус улсын хүүхдийн нэмэлт сүүний зах зээлийн 42 хувийг эзэлдэг “Abbott” компанийн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ. Мичиган муж улсын Чикаго, Детройт хотын дунд орших, 10-хан мянган оршин суугчтай Стержис гэдэг жижиг хотыг уг үйлдвэрийнх нь ачаар олон нийт мэддэг гэнэ. Стержист тус компанийн уг бүтээгдэхүүнийг тал хувийг үйлдвэрлэдэг. Гэтэл тэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд дөрвөн хүүхэд хордсоноос хоёр нь нас барсан тул үйлдвэрийг түр хаасан нь зах зээлийн нийлүүлэлт 20 хувиар буурахад нөлөөлжээ. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээр тавьсан хоригийн улмаас хилийн чанадаас бүтээгдэхүүн авах боломжгүй байгаа аж. Өөр нэг хүчин зүйл нь хэд хэдэн муж улсад мөрдөж буй нийгмийн тусламжийн хөтөлбөрүүдэд “Abbott”-той байгуулсан гэрээний дагуу зөвхөн энэ үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн худалдан авч, бага орлоготой гэр бүлүүдэд нийлүүлэхээр заасан байдаг. Түүнчлэн АНУ-д хүүхэд харах, асрахад цалинтай чөлөө олгодоггүй тул хөхөөр хооллох нь түгээмэл биш. Мөн ажлын байранд хөхөөр хооллохыг дэмжих арга хэмжээ хязгаарлагдмал, бэлгэдэл төдий аж.
Нэмэлт сүүний хомсдолд тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногоос анхаарч, үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас цэргийн нисэх онгоц ашиглах болжээ. Үүний ачаар Германы цэргийн “Рамштайн” баазаас өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ руу 1000 тонн сүү тээвэрлэсэн байна. Мөн сүү худалдан авах боломжгүй гэр бүлд нэмж хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Энэ даваа гаргаас Стержис дэх үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх болсон ч бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах хүртэл хэдэн долоо хоног болох аж.
Бэлтгэсэн З.Амгалан