Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогсоод буй. Манай ЭСЯ-ныхан сайн ажиллаж, БНХАУ-ын зохих газруудтай яриад Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг хийх зөвшөөрлийг авсан гэнэ. Улмаар салбарын яамныхан судалж, хоёр газар луу нисэх асуудлыг шийдвэрлэлээ.
Тодорхой хэлбэл, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "нэгдүгээрт, МИАТ" компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, хоёрдугаарт, Хөх хот руу "Аэро Монголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ нэг долоо хоногт Монголын агаарын тээврийн компани, нөгөө долоо хоногт нь Хятадын агаарын тээврийн компани сөөлжлөх байдлаар нислэг үйлдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, монголчууд 14 хоногт нэг удаа нислэг хийх нь. Улмаар ГХЯ дипломат шугамаар, ИНЕГ Хятадын холбогдох байгууллагуудтай ярилцаж, нислэгийн зөвшөөрлийг авч, бусад асуудлыг шийдэхээр болжээ.