Европын Холбооны Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг энэ сарын 28-нд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр иргэд Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх боломжтой. Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж. Элчин сайд Аксель Никэйз уг үйл ажиллагааны талаар “Европын өдрийг Монгол Улсад тэмдэглэх үүнээс илүү сайхан боломж бий гэж үү. Европын Холбоо, гишүүн орнуудын соёл уламжлал, туршлага, бүтээгдэхүүнийг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ өдөрлөгөөр бид Европ, Монголын эртний уламжлалт харилцааг тэмдэглэн, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ хэмээн найдаж байна. Мөн Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжтой” хэмээн мэдээлэл өглөө. Энэхүү өдөрлөгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцоно. Өдөрлөгийн үеэр Европын Холбооны асраар зочилсон хүүхдүүдэд “Паспорт” олгох ба бусад асруудаар зочлон тамга даруулсан “Европоор аялсан аяллынхаа” төгсгөлд бяцхан гарын бэлэг өгөх болно.