Антарктид болон субантарктикийн арлуудад байрлуулсан 75 камер тус бүр нь цагт нэг гэрэл зургийг төв рүүгээ автоматаар дамжуулдаг аж. Цаг тутамд хүлээн авч, хуримтлуулсан асар их хэмжээний мэдээллийг боловсруулахад мэргэжилтэн, хүний нөөцийн дутагдалтай байнга тулгардаг байна. Үүнийг шийдэхэд сайн дурын ажилтнууд чухал үүрэгтэй. Тиймээс эл ажилд сайн дурынхныг хамруулдаг уламжлалтай болжээ. Тэдгээр хүн чухам ямар ажил хийх вэ? Судалгааны багийн ахлагч Том Харт “Бид оцон шувуу тоолох ажилд туслах ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр хамруулдаг. Энэ бол дэлхий дээрх хамгийн сонирхолтой ажил” гэжээ. Антарктид дахь Британийн баазаас нээлттэй ажлын байр зарласан нь оцон шувуу тоолохтой холбоотой мэдээллийг бид өнгөрсөн сард мэдээлж байсан. Тэгвэл дээр дурдсан мэдээллүүдэд тулгуурлан оцон шувуудын тоо толгойг хянах, үүр бүрт юу болж байгаа болон цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж буйг хянахад сайн дурынхан тусалдаг юм байна.
Энэ мэт цаг хугацааны буюу улирлын чанартай, сонирхолтой ажил хөдөлмөр дэлхий дээр цөөнгүй бий. Ташрамд өгүүлэхэд, оцон шувуу тоолох ажлыг анх 1994 онд зохион байгуулжээ. Тухайн жилд адели (рygoscelis adeliae), антарктика (рygoscelis antarctica) төрөл зүйлийг тоолсон бөгөөд тэдгээр нь дэлхийн дулааралтай холбоотойгоор хоол хүнсний дутагдалд орж олноор үрэгдэж байжээ. Үүнээс хойш ийм ажлын байр бий болгожээ. Уг ажлыг гүйцэтгэдэг үндсэн хоёр ажилтан өдгөө тус тивд суурин ажилладаг юм байна.
Заавал дээд сургууль төгсөж, диплом өвөртлөөгүй ч багагүй орлого олох боломжтой өөр ямар сонирхолтой ажил байна вэ? Олон улсын судалгаанд тулгуурлах юм бол дэлхийн хэмжээнд 70 мянга гаруй төрлийн ажил, мэргэжил бий гэнэ. Эдгээрээс “күүлийг” нь түүвэрлэв.
•Амьтны хоол амтлагч. Гэрийн тэжээвэр амьтдын хоол хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавихын тулд хэн нэгэнд идүүлж, шалгадаг. Ийм ажлын хөлсөнд жилд 24 мянга давсан “ногоон” олох боломжтой.
•Лего барималч. “Лего” үйлдвэрийн дэлгүүрүүд болон төрөл бүрийн арга хэмжээнд зориулж лего тоглоом угсарч, “барилга барьдаг” хүмүүс бөгөөд жилийн орлого нь 30 мянган доллароос буухгүй. “Том жаалууд” урлагийн мэдрэмж, дизайны ур чадвар, бүтээгдэхүүний талаарх мэдээлэл сайтай байхад л ямар нэгэн тусгай боловсрол шаардахгүй ажил юм.
•Унадаг дугуй “цуглуулагч”. Жил бүр олон мянган унадаг дугуй Амстердамын тоо томшгүй олон сувагт хаягддаг. Нарийхан сувгуудыг унадаг дугуй бөглөх нь үргэлж тохиолддог асуудал учраас хаягдсан дугуйнуудыг цуглуулж, гаргаж авахад туслах ажилтнуудыг дайчилдаг. Энэ ажил маш эрэлттэй бөгөөд сувгуудаас унадаг дугуй “шүүрэгчдийн” цалин өндөр, тавигдах шаардлага нь уйгагүй байх.
•Дараалалд зогсогч. Энэ бол мэргэжил, мэдлэг, боловсрол шаардахгүй цор ганц ажил байх. Хамгийн гол нь эрүүл, чийрэг, тэвчээртэй байх. Цаг зав, хүч хөдөлмөрөө үрэхийг хүсдэггүй хүмүүсийн оронд урт дараалалд зогсож, цагт дунджаар 24 ам.долларын хөлс авдаг “ажилчин”. Барууны зарим оронд эрэлттэй. Ялангуяа Британид дараалалд зогсогчийн ажил олдох нь элбэг.
•Уучлал гуйгч. Японд уучлалт гуйх үйлчилгээ үзүүлдэг тусгай агентлагууд байдаг. Тэдний ажилд эелдэг, тэвчээртэй, бас бусдыг ойлгох чадвартай хүн чухал. Гэхдээ заавал орон тооны гэхгүй, өдрийн цагаар ажиллаж, утсаар харилцагч, үйлчлүүлэгчдээс уучлалт гуйхад л хангалттай. Сүүлийн үед хүмүүсийн амьдрал, ажлын хэв маягаас үүдэлтэй шинэ ажлын байрууд бий болсоор буй. Тэдгээрийн нэг нь энэ бөгөөд тус улсад бас тэвэрдэг ажилчин маш их эрэлттэй байдаг аж. Тодруулбал, өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг хүмүүс стресст орох нь элбэг. Тэднийг сэтгэлээр дэмжихэд тэврэлдэгч чухал үүрэгтэй аж.
•Биеийн зарим хэсгийн модель. Алдартай зарим жүжигчин, дуучин сурталчилгаанд гардаг шигээ өөгүй, тэгш сайхан байдаггүй. Жишээ нь, шампунийн сурталчилгаанд өтгөн намирсан үстэй харагдах жүжигчин бүсгүй үнэн хэрэгтээ шингэн, гэмтэлтэй үстэй байхыг үгүйсгэхгүй. Эсвэл бээлий, гарын тосны сурталчилгаанд сүмбэн хуруутай харагдах нь бас л хуурамч байж болно. Өөрөөр хэлбэл, биеийнх нь аль нэг хэсэг сэтгэл татам хүмүүс олны танил, алдартнуудад эд, эрхтнээ “зээлүүлдэг” гэсэн үг. Чамлахааргүй орлоготой ажил.
• “Үлэг гүрвэл” цэвэрлэнэ. Эртний үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг судлахын тулд малтлагын үед болон дараа нь цэвэрлэж, тоосыг нь “гөвдөг”. Үүнд заавал нарийн мэргэжил, боловсрол шаардахгүй ч тун нямбай, нягт чамбай, бас мэдлэг өргөнтэй, сэтгэлтэй хүнийг туслахаар ажиллуулдаг байна. Энэ бол оцон шувуу тоолохоос илүү хариуцлагатай ажил юм. Мөн тэр бүр олдохгүй.
•Нохой дуудагч. Швед тэжээвэр амьтдын татвараараа алдартай улс. Мэдээжийн хэрэг, хүмүүс өндөр татвар төлөхийг тэр бүр хүсэхгүй. Тиймээс нохойндоо гэрчилгээ авалгүй нуух нь цөөнгүй аж. Тэд хяналтын байгууллагынхнаас амьтдаа нуучихдаг. Ийм зөрчлийг илрүүлэхэд нохой шиг хуцдаг хүн маш чухал үүрэгтэй. Нохой хуцахыг сонсоод гэрчилгээгүй нөгөөх “нөхөд” нь гараад ирдэг байна. Ингэж эзнээ барьж өгдөг. Эл ажилд мэдээж маш авьяатай, нохой болон бусад амьтнаас ялгарахгүй хуцаж, “ярьдаг” байх ёстой. Маш өндөр цалинтай ажил. Сонирхуулахад, тус улсад Эльфрида Карлссон хэмээх эмэгтэй маш алдартай. Тэрбээр 20 янзаар хуцаж чаддаг бөгөөд ямар ч нохой түүнд хариулт өгөхөөр нуувчнаасаа гарч ирдэг.
•Жорлонгийн хөтөч. Физиологийн хэрэгцээгээ хангах газар олох нь заримдаа жинхэнэ эрүү шүүлт болж хувирдаг. Ялангуяа жуулчдын хувьд. Үүний тулд жорлонгийн талаарх гарын авлагууд гаргах нь бий ч түүний дагуу ариун цэврийн өрөөг хурдан олно гэвэл үнэхээр “там”. Тэгвэл энэ асуудлыг шийдэхэд “жорлонгийн хөтөч” гэсэн ажилчин тусална. Тэдний байрлах цэгийг гарын авлагад заасан байдаг бөгөөд олоод очиход л бие засах газар луу “хөтлөөд” гүйнэ.
Ж.ХААН