Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс АНУ-ын нутаг дэтсгэрт худалдаалагдах хүүхдийн сүүн тэжээл хомсодсонтой холбогдуулан онц байдал зарлалаа. Энэ талаар Нью-Йорк хотын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн шинэ тогтоолд дурдсан байна.
“Нью-Йорк хотын дарга Эрик Адамс нялхсын сүүн тэжээл хомсодсоны улмаас онц байдал зарлах тухай 98 тоот Онц байдлын захирамжид гарын үсэг зурав. Энэхүү тушаал нь Нью-Йорк хотын албан хаагчид болон хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хэлтэст тус хотын дүрмийн 6-р хэсгийн 5-42-д заасны дагуу сүүн тэжээлийн үнийг хөөрөгдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрхийг олгоно" гэж мэдэгдэлд онцолжээ.
АНУ-д хүүхдийн хоол хомсдох болсон шалтгаан нь орон нутгийн зохицуулагчид Abbott үйлдвэрлэлийн шугамыг эмгэг төрүүлэгч нянгаар бохирдсон байж болзошгүй гэж сэжиглэсний дараа их хэмжээний сүүн тэжээлийг эргүүлэн татсантай холбоотой аж. Одоогийн байдлаар тэжээлийн хомсдол 40-50 орчим хувьтай байна.
Уг асуудлын цар хүрээ маш томорсон тул зах зээлийг хүүхдийн сүүн тэжээлээр хангахын тулд АНУ-ын Агаарын цэргийн хүчний хөсгийг ашиглаж эхэлжээ.
Н.Энхтүвшин