НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчилбэл Японд байнгын гишүүний статус олгохыг дэмжихээ АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдсэнийг NHK телевиз дамжуулав. Тэрбээр Токиод Японы Засгийн газрын тэргүүнтэй хэлэлцээ хийхдээ энэ байр сууриа илэрхийлсэн гэнэ. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида гуравдугаар сарын 13-нд эрх баригч Либерал ардчилсан намын их хурлын үеэр үг хэлэхдээ Украины эргэн тойронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг дэмжиж буйгаа мэдэгдсэн юм.
Үүний сацуу Японы өөрийгөө батлан хамгаалах чадавхыг сайжруулах хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгч дэмжсэнийг Цагаан ордноос уламжилжээ. Мөн Украины нөхцөл байдалтай холбогдуулан Японы Засгийн газрын тэргүүний үйл ажиллагааг Ж.Байден өндрөөр үнэлснийг Цагаан ордон онцлон тэмдэглэв. АНУ, Японы эвсэл нь Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын тулгын чулуу гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
Ж.Байденыг Японы Ерөнхий сайдтай уулзахын өмнө эзэн хаан Нарүхито Токио хот дахь ордондоо хүлээн авчээ. Үүнээс өмнө Нарүхито угсаа залгамжлах хунтайжийн хувиар 2013 онд Ж.Байденыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч байхад нь уулзсан. Японы эзэн хаан урьд нь АНУ-ын Төрийн тэргүүнийг 2019 онд хүлээн авч байсан бөгөөд тухайн үед Нарүхито, Дональд Трамп нар уулзсан билээ. Ж.Байден Японд айлчлах үеэрээ өнгөрсөн зуунд Умард Солонгосын тусгай албаныханд хулгайлагдсан япончуудын төрөл төрөгсөдтэй уулзана. Тэрчлэн уг айлчлалын үеэр АНУ, Энэтхэг, Япон, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”- ний гишүүн орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох аж.
З.ГАЛ