Өнгөрсөн 24 цагт БНХАУ-ын Бээжин хотод коронавирусийн халдварын шинэ тохиолдол 83 бүртгэгдэж, шинж тэмдэггүй 16 тохиолдол илэрчээ. Энэ нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт гэнэ. Тус хотын захиргааны албан ёсны цахим хуудсанд энэ тухай мэдээлсэн байна.
Бээжин хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Сюй Хэ жянь ням гарагт хийсэн хэвлэлийн бага хуралын үеэрээ тус хотод коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд зайнаас ажиллах горимыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж мэдэгдэв.
Одоогоор Бээжинд бүх зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, спортын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд нийтийн хоолны газрууд зөвхөн авч явах хоолыг гаргаж, ажиллаж байгаа аж.
Энэ сарын 5-наас эхлэн тус хотод нийтийн тээврийн зорчигчдод тавигдах шаардлагыг чангатгаж, ПСР-ын шинжилгээний хариу нь сөрөг гарсан бол үйлчилнэ. Мөн хотоос гарч, орох хүмүүсээс ч 48 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг хариутай гэрчилгээг шаардах аж.
Бэлтгэсэн Н.Энхтүвшин