Зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, мөрдлөг хавчлагын улмаас эх орноосоо дайжих дүрвэгсэд болон дотооддоо гэр орноо орхин гарах аргагүйд хүрсэн хүний тоо дэлхийн хэмжээнд анх удаа 100 саяыг давлаа гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар (UNHCR) мэдээллээ.
Тус байгууллагын мэдээлснээр, 2021 оны эцсээр дүрвэгсдийн тоо 90 саяд хүрэхэд Афганистан, Буркина Фасо, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Мьянмар, Нигери, Этиоп зэрэг оронд болсон үйл явдал нөлөөлсөн бол 2022 онд Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны үр дүнд 8 сая хүн гэр орноосоо дайжиж, 6 сая гаруй хүн бусад улс руу дүрвэн гарсан хэмээн бүртгэгджээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Грандиги дүрвэгсэдийн тоо 100 сая давсан явдлыг “Хэзээ ч хүрэх ёсгүй байсан үзүүлэлт” гэж нэрлээд тэдэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж нь асуудлыг "эмчлэх биш" харин зөвхөн “түр зуур аргацааж” байгааг онцолсон байна. "Эл урсгалыг зогсоож, өөрчлөх цорын ганц хариулт нь энх тайван, тогтвортой байдал" гэж тэрбээр хэлэв.
Бэлтгэсэн Н.Энхтүвшин