Шри Ланкад эмх замбараагүй байдал үүсэхэд оролцсон хэргээр 883 хүнийг баривчилсан тухай “Daily mirror” сонин мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Калпития, Галле-Фас хотод өрнөсөн, Засгийн газраа эсэргүүцсэн тайван жагсаалд оролцсон хүмүүст халдсаны улмаас мөргөлдөөн болсон аж. Энэ үеэр саатуулсан хүмүүсийн 412-ыг шүүхийн шийдвэрээр баривчилсан бөгөөд 364-ийг нь батлан даалтад гаргаж, үлдсэнийх нь хэргийг шүүхээр хэлэлцэж буй аж. Хууль сахиулах байгууллагынх нь мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Шри Ланкад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр есөн хүн амиа алдаж, 240 иргэн нь шархадсан байна.
Шри Ланка 1948 онд тусгаар улс болсноосоо хойших эдийн засгийн хамгийн хурц хямралыг туулж буй нь нийгэм, улс төрийн хурцадмал байдал үүсгэжээ. Хүн амын амьдрал доройтож байгааг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн сарын эхээр эхэлсэн. Энэ хямрал нь коронавирусийн цар тахлын улмаас гадаад аялал жуулчлал буурч, валютын нөөц хомсодсонтой холбоотой. Эрх баригчид нь эдийн засгийн хатуу хэмнэлтэд шилжиж, импортоо бууруулахаас өөр аргагүй болжээ. Тус улсын гадаад өр 51 тэрбум ам.долларт хүрснээс зээл авах, эдийн засгийн хямралтай тэмцэхэд хүндрэл үүссэн байна.