Манай гаргийн хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх төслүүдэд 30 тэрбум доллар хуваарилахаа Дэлхийн банкнаас мэдэгджээ. Тодруулбал, үүнийг ирэх 15 сарын хугацаанд хөдөө аж ахуй, нийгмийн салбар, усны нөөцийг зохистой ашиглах, усжуулалттай холбоотой одоо байгаа болон шинэ санаачилгуудыг санхүүжүүлэхэд зориулах гэнэ. Ялангуяа бордоо, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, энэ салбарыг бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, эмзэг бүлгийн өрхүүдэд туслах төслүүдийг онцгойлох аж.
“Хүнсний үнэ нэмэгдэж байгаа нь нэн ядуу, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст илүү хүнд тусаж байна” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпас тэмдэглэжээ. Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан бусад улс нефть, байгалийн хий, бордооны хангамжаа нэмэгдүүлж, хөдөө аж ахуйг дэмжих арга хэмжээ авах ёстойг тэрбээр онцолсон байна.
Дэлхийн үр тарианы гол нийлүүлэгч Украины энэ жилийн ургац өнгөрсөн оныхоос хоёр дахин бага байх төлөвтэйг тус улсын Хөдөө аж ахуйн бодлого, хүнсний яамны сайд Микола Солский мэдэгдэв. Тэрбээр АНУ-ын зохион байгуулсан, Хүнсний аюулгүй байдлын асуудлаарх сайд нарын бага хуралд оролцжээ. Тус улсад болж буй үйл явдлын улмаас өвөлжих тариалалтын ажилд ч аюул нүүрлэх эрсдэлтэй гэнэ. Түүний хэлснээр дэлхийн хамтын нийгэмлэг улаан буудайн үнийг тонн тутамд 700 долларт хүргэхэд бэлтгэх шаардлагатай аж. Одоогоор Чикагогийн бирж дээр нэг тонн улаан буудайн үнэ 430 орчим доллар байна.
Орос, Беларусийн бордоо, түүнчлэн Украины үр тариагүйгээр дэлхийн хамтын нийгэмлэг хүнсний хямралын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдээд, “ОХУ-ын бүтээгдэхүүн, бордоо дэлхийн зах зээлд нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.
З.Амгалан