Трактор, комбайн зэрэг газар тариаланд нэн шаардлагатай техник, машин механизмууд ач тустай шигээ сөрөг нөлөөтэй болохыг Швед, Швейцар, АНУ-ын хэсэг эрдэмтэн судалгаагаараа нотолсон талаар “Proceedings of the national academy of sciences” сэтгүүлд нийтлэв. Тэдний тооцоолсноор цэнхэр гаргийн тариалангийн талбайн тавны нэгийг трактор, комбайнаар талхалж сүйтгэсэн гэнэ. Үүний зэрэгцээ орчин үеийн тариаланд ашигладаг эдгээр техник нь газрын үржил шимд муугаар нөлөөлж, байгалийн гамшиг үүсгэдэг болохыг олон улсын багийнхан онцолжээ. Ийм дүгнэлтэд хүрсэн тэд өнгөрсөн зуунаас газар тариаланд зориулан бүтээсэн энэ мэт техникүүдийн овор, жинг харьцуулан судалж, хөрсөн дээр үзүүлэх даралтыг нь тооцсон аж. 1950-иад оны сүүлчээр бүтээсэн үр тарианы комбайнууд дунджаар дөрвөн тонн жинтэй байсан бол орчин үеийнх нь илүү нүсэр болж энэ тоо 36-д хүрчээ. Технологи хөгжихийн хэрээр хөдөө аж ахуй, газар тариалангийн машинуудыг эмзэг хөрсийг хамгаалах зориулалттай өргөн, зөөлөн дугуйтай шийдэж байгаа аж. Ингэснээр газарт очих даралтыг бууруулдаг. Гэхдээ энэ нь зөвхөн дэлхийн гадаргуугийн давхаргыг хамгаалдаг. Харин гүн давхаргад хөрс нь маш их нягтардаг тул үр тариа боловсорч, ургах чадвар нь дордсоор сүйрлийн түвшинд хүрч байгааг судалгааны багийнхан тэмдэглэжээ. Хөрсний гүн дэх хэт нягтрал нь ус нэвчих зэрэг экосистемийн чухал “үйлчилгээ”-ний чадварт сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ нь хэдэн арван жилийн турш үргэлжилдэг гэнэ.
Судалгааны удирдагч, Шведийн профессор Томас Келлер “Энэ нь ургац буурч, үерийн давтамж, тоо нэмэгдэх шалтгаануудын нэг болж байна” хэмээжээ. Тус багийнхан дэлхийн хөрсний “архаг нягтрах” эрсдэлтэй газруудын зураглалыг гаргасан байна. Хамгийн асуудалтай газар нь Австрали, Европ, Америкийн хойд болон өмнөд хэсэг аж. Нэгэнт маш их эвдэрсэн газрыг нөхөн сэргээх боломж бараг үгүй учраас үлдсэн хэсгийг боловсруулах, ургац хураахдаа илүү дэвшилт техник хэрэглэх, цаашлаад хөрсгүй тариалалт, хүлэмжийг нэмэгдүүлэх нь чухлыг онцолсон байна.