АНУ ирэх долоо хоногт Исламын хамтын ажиллагааны байгууллагатай (ИХАБ) стратегийн яриа хэлэлцээ хийх гэж байгааг Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдэгджээ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хисейн Брахим Таха тэргүүтэй төлөөлөгчид Вашингтонд энэ сарын 23-нд ирэх гэнэ.
Гишүүн 57 улстай ИХАБ болон АНУ олон арван жил ойр дотно түншийн харилцаатай байсан бөгөөд эдийн засаг, нийгэм, соёл, ард түмэн хоорондын бат бөх хэлхээ холбоотой аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн орлогч туслахын үүрэг гүйцэтгэгч Яэл Лемперт тэргүүтэй төлөөлөгчид хэлэлцээнд оролцоно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ИХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч, уулзах гэнэ. Талууд уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй тэмцэл, дэлхий даяар хүний эрхийг хамгаалах болон хэт давруу үзэлтэй тэмцэх ажлын ахиц дэвшил зэрэг нийтлэг сорилт, боломжоо хэлэлцэнэ.
З.Гал