НАТО-д Финланд элсвэл Оросын Санкт-Петербургт аюул шууд заналхийлж, Балтын тэнгис орчмын бүс нутгийн цөмийн зэвсэггүй статус түүх болно. Хятадын Батлан хамгаалах яамны Аюулгүй байдлын асуудлаарх Олон улсын хамтын ажиллагааны төвийн тэргүүн асан, ахлах хурандаа Чоу Бо “Economist” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ ийм дүгнэлт хийжээ. НАТО-г цаашид өргөжүүлэхээс дэлхийн хамтын нийгэмлэгийг Хятад нэг бус удаа сэрэмжлүүлж ирсэн юм.
НАТО-д элсэх хүсэлтээ даруйхан өгөх хэрэгтэй хэмээн Финландын Ерөнхийлөгч Саули Нийнисте, Засгийн газрын тэргүүн Санна Марин нар саяхан мэдэгдсэн. Умард Атлантын эвсэлд нэгдэх нь тэдний бодлоор улсынх нь аюулгүй байдлыг бэхжүүлэх аж. Швед улсын Засгийн газар ч энэ асуудлаар шийдвэрээ гаргасан. Оросын Скандинавын хөршүүд нь ийнхүү төвийг сахих бодлогоосоо татгалзаж байна. Энэ хандлага Москваг төдийгүй Бээжингийн санааг зовоох боллоо.
“Эвслийн цэргүүд Санкт-Петербургийн хаяанд байх болох нь. Гол айдас нь Оросын цөмийн зэвсэг юм бол Владимир Путинийг тэгтлээ гоочлоод байх хэрэг юун. Одоо бол өнгөрсөн цагийн юм болсон тэр аюулгүй байдал чинь Оростой хамтарч ажиллаж байж л бий болно” гэж Чоу Бо бичсэн байна. Украинд өдөөсөн зэвсэгт мөргөлдөөн НАТО-д амьсгаа авах боломж олгосон. Германы Канцлер Олаф Шольф 100 тэрбум еврогийн батлан хамгаалах тусгай сан байгуулж, нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг Брюсселийн шаардлагын дагуу батлан хамгаалах салбарт зарцуулна гэдгээ хоёрдугаар сард зарласан. Эвслийн бусад гишүүн ч цэргийн зардлаа нэмэгдүүлэхээ амласан. Хятадын шинжээчийн бодлоор энэ бүхэн Европын төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд хөнөөлтэй нөлөө үзүүлнэ.
НАТО-гийн орнуудтай Хятад гойд санал зөрөлдөөнгүй мэт байвч Өрнөдтэй эдийн засгийн маш ойр харилцаатай юм. Тэгвэл Умард Атлантын эвслийн хүрээг тэлэхийг Бээжин яагаад эсэргүүцээд байгаа юм бол. “Финланд, Шведээр НАТО хүрээгээ тэлэх гэж буй нь Украин дахь дайны уршиг биш. “Энхийн төлөө түншлэл” хөтөлбөр эхлүүлсэн 1990-ээд оноос л тэднийг эвсэл рүү чангаасан юм. Тэр цагаас эдгээр улсын улс төр, цэргийн бүх дээд зиндааныхан бүхэлдээ Өрнөдийн, Америкийн талыг баримтлагчид болж хувирсан.
Йенс Столтенберг 2030 он хүртэлх НАТО-гийн шинэ стратегийн талаар 2020 онд ярихдаа уг эвсэл Европын цэргийн холбоо төдий байхаа нэгэнт больсныг онцолсон. Брюссельд болдог дээд хэмжээний уулзалтад Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Австралийн төлөөлөгчид тогтмол оролцох болсон нь санамсаргүй юм биш. Нөлөөллийн хүрээгээ бүх тив рүү тэлэхийг тэд хүсдэг, түүнийгээ ч нуудаггүй. Бээжингийн сэтгэлийг энэ нь зовоож буй нь зүй ёсны юм” гэж цэргийн шинжээч Алексей Леонков үзэж байна. НАТО-г өргөжүүлэхийг Хятад улс бас эдийн засгийн аюул заналхийлэл гэж харж буйг Леонков онцолсон. Украинд цэргийн тусламж үзүүлэх нэрээр Европын холбоотнуудаа Оросын зэвсгээс татгалзахыг албадаж, оронд нь Америкийн зэвсгийг өгнө хэмээн амлаж байгааг Бээжин анхааралтай ажиглаж байна.
Финланд, Шведийг өөрийнхөө зэвсэгт “уях”-аар Пентагон төлөвлөж буй нь нууц биш. Вашингтон өөрийн цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг нэмэлт захиалгаар тэтгэж, эдийн засгийн хүчин чадлыг нь олон улсын тавцан дээр Бээжинтэй хийх өрсөлдөөнд давуу байдлаа нэмэгдүүлэхийг хичээж байгаа юм. Эрчимтэй хөгжиж буй Хятадад энэ хандлага таалагдахгүй байгаа нь ойлгомжтой.
Владимир Путин, Си Зиньпин нар хоёрдугаар сарын 4-нд Бээжинд уулзаж, хоёр хэт их гүрний стратегийн түншлэлийг нотолж, олон улсын хэмжээнд хүчин чармайлтаа уялдуулахаар тохирч, АНУ-ыг ноёлогч, дэлхийн цөөнх гэж нэрлэснийг шинжээч санууллаа. “Залгаа бүс нутгуудын аюулгүй, тогтвортой байдлыг алдагдуулах гадны хүчний үйлдлийн эсрэг” хамтран тэмцэхэд Хятад, Орос улсууд бэлэн байна. Өөрийн хилийн ойр цэргийн бааз бий болгохыг тэвчихгүй, үүгээрээ Москватай бүрэн санаа нийлнэ.
НАТО-гийн хувьд Хятад яалт ч үгүй дайсан нь. Хоёр жилийн өмнө эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Москва, Бээжингийн хамтын ажиллагаа Брюссельд ноцтой аюул гэж хэлсэн удаатай. Хятад улс удахгүй “дэлхийн том эдийн засаг болох гээд” байгаа нь, мөн БНХАУ “батлан хамгаалах салбарын хоёр дахь том төсөв” болох нь гарцаагүй болоод буй нь НАТО-гийн санаанд үл нийцнэ. Бас НАТО-гийн гишүүн бусад улсад хүрч чадах пуужингуудтай болохоор үлэмж их хөрөнгө оруулж буй нь түүний сэтгэлийг зовоосон.
Хятад кибер орон зайд идэвхтэй байж, Арктик, Африкт өөрийн оролцоог өргөжүүлж, 5G мэдээллийн сүлжээний дэд бүтэц байгуулахад Өрнөдөөс түрүүлж буй. Түүнчлэн “цэргийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлж буй” Оростой улам бүр хамтран ажиллаж байна. Энэ бол шууд аюул занал учраас Хятадын нөлөө хүчтэй болж, Бээжин, Москвагийн нөхөрлөл зузаарч байгаад НАТО анхаарах ёстой хэмээн Столтенберг тэмдэглэсэн юм.
Тэгтэл БНХАУ-ын дарга, 68 настай Си Зиньпин тархины судасны цүлхэн гэгч өвчнөөр шаналж буй, үүнээс үүдэн хугацаанаасаа өмнө улс төрөөс хөндийрч магадгүй гэх мэдээлэл Хятадад түгээд байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо (долоон хүнээс бүрддэг)-ны хуралдаан болсны дараа ийм яриа сонсогдож эхэлжээ. “Ковид-19”-тэй хийх тэмцлийг чадварлаг удирдаагүйн улмаас тус улсын эдийн засаг унаснаас Хятадын удирдагчийг албан тушаалаа орхихыг хүссэн гэх цуу яриа ч дуулдах болов.
Зарим баримтаар бол Си Зиньпин 2021 оны эцсээр эмнэлэгт хэвтэж, уг өвчний судсанд үзүүлэх нөлөөг багасгахын тулд мэс засал хийлгэхгүй Хятадын уламжлалт эмчилгээг сонгохыг илүүд үзсэн аж. Канадын нэг блогчны хийсэн цахим бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаж, энэ оны сүүлийн хагаст Си Зиньпин Коммунист намын эгнээнээс гарна гэх мэдээллийг олон түмэнд түгээсэн байна. Түүний суудлыг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, 66 настай Ли Көцян эзлэх бололтой.
Цар тахлын тархалтад хяналт тавих гэж Си даргын засаг захиргаа олон сая хүнтэй хотуудад хатуу хөл хорио тогтоох арга хэмжээ нэг бус удаа авсан. Энэ нь бизнес хөгжихөд улс орон даяар саад болсон. Үүнээс болж аж үйлдвэрийн үйлдвэрлэл хумигдаж, улмаар бараа нийлүүлэх гинжин хэлхээнд юуны түрүүнд зөрчил бий болгосон гэнэ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа саарч 2020 оны хоёрдугаар сараас хасах үзүүлэлттэй болсон аж. Үйлдвэрлэлийн уналт дөрөвдүгээр сард дөрвөн хувь болсон нь сүүлийн 28 жил дэх нэг сарын хамгийн доогуур үзүүлэлт юм. Хятадын төрийн өндөр албан тушаалтны хэлснээр бол тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд цар тахал их саад тотгор болжээ. Нөхцөл байдалд хүмүүс сэтгэл дундуур байх болж эхэлсэн байна.
Си Зиньпин огцрох тухай мэдээлэл ирэх арваннэгдүгээр сард болох ХКН-ны ХХ их хурлаас хэдэн сарын өмнө хүмүүсийн сонорт хүрлээ. Ийм их хурал нь Хятадын улс төрийн дээд удирдлагад өөрчлөлт оруулах магадлалтай үйл явдал байдаг юм. ХКН-ын их хурал таван жилд нэг удаа болдог. Си Зиньпинийг ирэх их хурлаас тав дахь бүрэн эрхээ эдлэхээр сонгогдоно гэж үзэж байсан юм. Урьд нь нэг хүн улс орны жолоон дээр дараалан хоёр л бүрэн эрхийн хугацаанд суудаг байсан бол холбогдох хууль тогтоомжид 2018 онд өөрчлөлт оруулснаар тав дахь удаагаа сонгогдох боломжтой болсон байна.
Энэ оны хоёрдугаар сарын 4-20-нд Бээжинд болсон өвлийн олимпын үеэр Украин руу довтлохгүй байхыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс Си Зиньпин хүссэн гэж мэдээлж байсан билээ. Энэ мэдээллийг албаны түвшинд сүүлд нь эрс няцаасан ч Оросын арми тусгаар тогтносон Украины газар нутаг руу чухам олимп дуусаагүй байхад хоёрдугаар сарын 24-нд цөмрөн орсныг дэлхий дахин мэднэ.