Америкийн Майами муж улсын саятан Роберт Мэклийн охин 20 настай Барбара Жейн Мэклийн дуртай баяр болох шинэ он гарч, 1968 он дуусахад ердөө хэдхэн долоо хоног үлдээд байв. Саятан Мэкл хоёр ахтайгаа Америкт томоохонд тооцогдох барилгын компани байгуулсан, хөрөнгө чинээ, танил тал ихтэй, 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсонтой хувийн дотно харилцаатай, охин Барбара нь юугаар ч дутагдаж гачигддаггүй байлаа. Тэгэхдээ Барбара даруухан хувцасладаг, хүмүүст хүндлэгддэг, бусдаас илүү явахыг хүсдэггүй нэгэн байв. Атланта хотод “Эмори” их сургуульд сурдаг Барбара сая хүртэлх хүний амь насыг авч одсон халдварт өвчин тусаж, ээж Жейн Мэкл нь түүн дээр ирж асарчээ. Охиноо оюутны байрнаас нь авч, нэгэн бага шиг зочид буудалд аваачжээ.
Арванхоёрдугаар сарын 17-ны шөнө ээж, охин хоёрын байгаа өрөөний хаалгыг цохиж, онгойлгож өгвөл цагдаагийн хувцастай эрэгтэй, нүүрэндээ хар баг өмссөн эмэгтэй хоёр зогсож байв. Барбарагийн дотно найз Стюарт Вудворд осолд орсон тул тэднийг эмнэлэг рүү явахыг тэр хоёр хүсэв. Тэднийг өрөөнд орж ирсний дараа ажвал эрэгтэй нь буутай байсан төдийгүй ээж, охин хоёр луу амыг нь чиглүүлж, Жейнд юм үнэртүүлж ухаан алдуулаад, Барбараг авч гараад машинд суулгаад явчихлаа.
Жейн маргааш өглөө нь ухаан ороод, цагдаа нарт дуулгаж болсон явдлыг ярьжээ. Барбарагийн найз залуу Вудворд ч ирж, тэр осолд орсон нь үнэн байв. Охиноо хулгайлагдсаныг дуулаад Роберт Мэкл тэр дороо нисэж ирлээ. Тэр Холбооны мөрдөх товчоо (ХТМ)-ны захирал байсан Эдгар Гувертэй утсаар ярьж, түүний ажилтнууд Барбараг эрж хайх ажилд оролцох болжээ. Барбара сургуульдаа олонд танил болсон, түүнтэй ойртож нөхөрлөх гэсэн хүмүүс ч, атаархаж дургүйцдэг хүн ч олон, хамгийн гол нь гэр орон нь хөрөнгөлөг тул Барбараг хулгайлсан нь мөнгө олох гэсэн арга байх магадлалтай гэж Вудворд үзэж буйгаа мөрдөн байцаагчид хэлсэн байна.
Энэ сэжиг таамаглал зөв болох нь удалгүй батлагдав. Охиныг хулгайлсан хүмүүс даруй холбогдож, Барбара тав хоногийн ус, агаарын нөөцтэй, газар дор булаатай байгаа, охиноо амьд харахыг хүсвэл эцэг нь 500 мянган ам.доллар бэлнээр өг гэж хэлэв. Арванхоёрдугаар сарын 19-ний өглөө эрт тэд дахин ярьж Мэкл заасан газарт ганцаараа мөнгөө авчирч тавиад явах ёстой гэв. Бүх юм ингээд төлөвлөснөөр явж байтал ХМТ-ны ажилтнууд цагдаа нартай тохиролцолгүй, гэмт хэрэгтнүүдийг Мэкл мөнгөө орхиод явсан газар баривчлах гэж оролдоод тэднийг үргээж орхив. Энэ явдал Барбарагийн эцэг, эхийн санааг зовоох болов. Учир нь охины эцгийг цагдаа нарт мэдээлсэн гэж гэмт хэрэгтнүүд үзээд мөнгө өгнө гэдэгт итгэхээ байчихвал охиноо тэдний гараас амьд салгаж авч чадахаа байчих аюултай. Гэмт хэрэгтнүүд мөнгө авахаар товлосон газраас зугтахдаа машинаа орхисон нь том алдаа байлаа. Тэр “Вольво” машин дотор Рут Айзманн-Шиер гэх эмэгтэйн иргэний үнэмлэх, Барбарагийн гэрэл зураг, Айзманн-Шиер, Гэри Крист хоёрын энгэр зөрүүлж буйг харуулсан дүрс бичлэг болон гэмт хэрэгтнүүд хэн болохыг гэрчлэх өөр хэд хэдэн баримт байжээ. Ингээд ХМТ мэдээлэл цуглуулж эхлэв.
…Гэри Крист гэгч 23 наслахдаа олон гэмт хэрэг хийсэн, машин хулгайлж шоронгоос оргосон байв. Гэвч олигтойхон ашиг олох гэмт хэрэг хийхээр шийдээд сонгож авсан нь хөрөнгөтэй хүний хүүхдийг хулгайлж, мөнгө нэхэх байлаа. Тэгээд эхнэрээсээ салж, Айзманн-Шиер гэгч оюутан эмэгтэйтэй хамт амьдрах болж, Крист шоронгоос оргосон хоригдол гэдгээ нуулгүй хэлж. Гэмт хэрэг хийхэд бэлтгэн судалж байгаад Барбара Жейн Мэклийг хулгайлахаар шийджээ. Крист тэгэхдээ өөрт нь цаазын ял ирэх тул Барбараг алах бодолгүй байв, харин оронд нь нэхсэн мөнгөө автал түүнийг нууж байх хэрэгтэй байлаа. Охиныг авсанд амьдаар нь хийж, булахаас өөр найдвартай арга олсонгүй. Арванхоёрдугаар сарын 17-нд Барбараг авсанд хийж булав. Авсан дотор уух, идэх юмтай, гэрэлтэй, гадагшаа гаргасан хоолойтой, түүгээр амьсгалж байхаар бэлтгэжээ.
Цагдаа нарын бүтэлгүй ажиллагаанаас болж эхний оролдлогоор охиноо чөлөөлж авч чадаагүй Роберт Мэкл дахин нэг боломж олгохыг гэмт хэрэгтнүүдээс хүсэв. Цагдаа нарын үйл ажиллагаатай өөрийгөө ямар ч холбоогүй гэдгээ бас нотлохыг оролдов. 19-ний орой эдний гэрийн утсаар гэмт хэрэгтэн ярьж мөнгөө аваачиж тавих өөр газар зааж өглөө. Энэ удаад ямар нэг үйлдэл хийхгүй байхыг цагдаа нараас ХМТ-ны ажилтнууд хүссэн байна. Мөнгө өгөх ажил энэ шөнө бүтэлтэй боллоо. Маргааш нь Барбарагийн байгаа газрыг гэмт хэрэгтэн зааж өгөв. Түүнийг зочид буудлаас 38 километр зайтай газар амьдаар нь “оршуулсан” байлаа.
ХМТ-ны 100 гаруй ажилтан ойг самнаж байгаад газар дороос үзүүр нь цухуйж байгаа нарийхан гуурс байхыг анзаарчээ. Доош нь ухвал хайрцаг байв. Тагийг нь нээвэл ядарч цонхийсон Барбара инээвхийлээд хэвтэж байх нь тэр. ХМТ-ны захирал Гувер өөрөө утасдаж охиныг нь амьд мэнд оллоо хэмээн Роберт Мэклд хэллээ.
Энэ хооронд Крист, Айзманн-Шиер хоёр амиа хоохойлох арга бодож олсон нь эрэгтэй нь жижиг усан онгоц худалдаж аваад түүгээрээ Мексик орох, эмэгтэй нь хуурай газраар тийш зүглэх байв. Харамсалтай нь, Крист онгоц худалдаж авахдаа дандаа 20 ам.долларын дэвсгэртээр төлбөр хийсэн нь бас нэг алдаа болж, чухам ийм доллароор охиныг наймаалцсныг Америк даяар мэдэж байсан тул түүнийг удалгүй баривчлав. Хамжигч эмэгтэй нь ч баривчлагдлаа. Айзманн-Шиер ХМТ шаргуу эрж хайж буй хүмүүсийн тоонд орсон анхны эмэгтэй болжээ.
Кристийг шүүх насаар нь хорих шийдвэр гаргасан ч 10 жил болоод хугацаанаас өмнө тэнсэн харгалзах ялаар суллагдаж, шинээр амьдрахаар эрс шийдэж, анагаах ухааны боловсрол эзэмшээд эмчээр ажилладагийн даваан дээр эрүүгийн гэмт хэрэгтэн байсан нь мэдэгдсэнээс ажилд авахаас татгалзсан аж. Эцэст нь, тэрбээр гэмт хэргийн ертөнцдөө эргэн “морилж”, 2006 онд хууль бус цагаачидтай хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдав. 2010 оны арваннэгдүгээр сард суллагдсанаас хойш сураг тасарсан байна.
Айзманн-Шиер долоон жилийн ял авсан ч дөрвөн жилийн дараа хугацаагаа дуусгалгүй суллагдаж, төрөлх Хондурас орондоо очиж нөхөрт гарч дөрвөн хүүхдийн ээж болжээ.
Барбарагийн ярьснаар бол түүнийг цаашид яах гэж буй нь Кристийн үйлдлээс тодорхой байв. Амьдаар нь авсанд хийх гэж буйг мэдсэн Барбара ёстой л галзуурах дөхөж. Крист, Айзманн-Шиер хоёр үл тоон хүчээр авсанд оруулаад тагийг нь хадаж орхив. Охин гарчих гэж байдаг чадлаараа оролдон, хөл, гараараа авсны тагийг нүдээд ямар ч нэмэр болсонгүй. Жоохон уужраад орчноо ажигласан чинь авсан дотор яаж байх талаар заавар бичиж үлдээсний зэрэгцээ “Битгий бухимд. Чиний амь насанд аюул учрахгүй, шинэ жилийн баяраар чи ямар ч байсан гэртээ очсон байх болно” гэсэн бичиг байхыг олж үзэв. Түүнийг авсандаа 11-ээс доошгүй хоног амьд байна гэж гэмт хэрэгтнүүд итгүүлэх гэж оролдсон байлаа.
Гэтэл хэдхэн цагийн дараа хайрцган доторх гэрэл унтрав. Барбара хав харанхуй орчинд 83 цаг болжээ. Тэрбээр “Үүр цайтал 83 цаг” номдоо бичсэнээр бол энэ хугацааг тэсэж тэвчиж өнгөрөөхөд нь өөдрөг бодол, тайван байдал нь тус болжээ. Хайрцаг дотор, харанхуй орчинд хэвтэж байхдаа шинэ жилийн баярыг гэр орныхонтойгоо яаж тэмдэглэх, гацуур модоо чимэх, бэлгүүдээ бооход нь ээждээ хэрхэн туслах талаар бодож байв. Гэвч муу муухай юм бас бодолд нь орж ирээд байсныг Барбара нуусангүй. Энэ харанхуй хар хайрцаг сүүлчийн оромж нь болно, түүнийг амьгүй болсон байхад нэг фермер юм уу, үүгээр явж байсан хэн нэгэн олно гэх мэтээр…
Барбара гэртээ ирж шинэ жилээ баяр жаргалтай тэмдэглэв. 1971 онд нөгөө Стюарт Вудвордтойгоо гэр бүл болж, хоёр хүүхдийн эцэг, эх боллоо. Тэд Вудвордыг 2013 онд өөд болтол 42 жил хамт амьдарчээ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант