Халамжийн сангийн хөрөнгө гэж энэ салбарт эрх бүхий албан тушаал хашдаг дарга бүрийн завшихыг санаархдаг мөнгө байдаг бололтой. Зорилтот бүлгийн хүмүүс нь хүртэж чадахгүй байхад хөдөлмөр, халамжийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь завшдаг явдал байнга давтагдаж буй нь үүний илрэл. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг хууль сахиулагчид шалгаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагынхан мөрдөн байцаалтын 2949 хэрэгт хяналт тавьж, 308-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаараа цахим хуудсандаа мэдээлээд буй. Тэдгээрийн дотор авлигын есөн хэрэг багтжээ. Түүний нэг нь халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэг аж. Тодруулбал, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг албан тушаалаа урвуулан сонгон шалгаруулалтаас хасагдсан аж ахуйн нэгжүүдийг тэнцүүлэн уг сангийн хөрөнгөөс олгосон хэрэгт холбогдсон байна.
Авлигын эсрэг хуульд “Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”-ыг нийтийн албан тушаалтнуудад хориглодог. Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.2 дахь хэсэгт Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн, хорихоос суллагдсан, согтуурах, мансуурах донтох өвчтэй, эдгэшгүй хүнд өвчтэй хүн, гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн, өрх толгойлсон эх, эцэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхдийг хамруулахаар заасан. Гэтэл уг заалтуудыг зөрчсөнийг хууль сахиулах байгууллагын мөрдөгчид тогтоожээ.
Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2020 онд “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөл”-ийн сонгон шалгаруулалт зарласан юм байна. Гэтэл эл шалгаруулалт дууссаны дараа түүнээс хасагдсан М.Норжагүль, Х.Күлжээ нарын “Гэр бүл” төсөлд нэг сая, П.Доосмаа, С.Бадрах нарын төсөлд 755, Н.Ядмаа, Үйтүмэн нарын “Туул” хүлэмжийн төсөлд 900, Б.Алтанхараа, Б.Баяраа нарын газар тариалангийн аж ахуйн төсөлд 800, Ж.Оюун, Ж.Оюунчимэг нарын “Уран оёдол” төсөлд 700 мянган төгрөгийн санхүүжилт олгуулахаар ажлын хэсгийн гишүүдэд Т.Эрдэнэчимэг үүрэг өгсөн гэнэ. Энэ нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж прокурор дүгнэн Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Үүнээс өмнө Баянхонгор, Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамч баримт бүрдүүлэн өөрсдийгөө болон үр хүүхэд, танилуудаа хөдөлмөрийн чадвараа 70 хувь хүртэл алдсан хэмээн мөнгө завшиж байсан үйлдлийг хууль сахиулагчид шалгаж тогтоон, казах иргэд голдуу багтсан 49 хүнд холбогдох хэргийг Ховд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа.
Энэ бүгдээс өмнө буюу 2013 онд Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ахмад настны болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд “хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг таван жил тутам нэг удаа нөхөн олгох”, “18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь”, “18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох” гэсэн заалтыг ашиглан хөрөнгө завшиж байсныг шүүхээр тогтоон хариуцлага хүлээлгэсэн билээ.
Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Л.Цолмонгэрэл болон мэргэжилтэн Лхагвадулам нарыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан амралт, сувиллын газрын данс руу халамжийн сангийн мөнгөнөөс шилжүүлж байсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн. Тухайн амралт, сувиллын газраар үйлчлүүлээгүй 500-гаад хүнд сувилгаа, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн хэмээн баримт бүрдүүлж, халамжийн сангийн хөрөнгөөс завшсан. Уг мөнгөөрөө автомашин, амралтын газар, орон сууцууд худалдан авсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Эдгээр жишээ баримт халамжийн сангийн хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнууд завшдагийн тод илрэл гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд өдгөө ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нар их хэмжээний мөнгийг хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт холбогдон өнгөрсөн долоо хоногоос шалгуулж эхэлсэн билээ. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ХХҮЕГ-ын байранд очиж, компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь хураан авч, Л.Дашдэмбэрэлээс тайлбар мэдүүлэг авсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тэднийг бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүд рүү 200 орчим, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400 сая төгрөг шилжүүлээд, уг мөнгөө буцаан авч ашиглан гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй. Цар тахлын улмаас Монголд хөл хорьсон үед буюу 2020-2021 онд ХХҮЕГ-аас өрхийн амжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ гэх нэрээр 400 сая гаруй төгрөг зарцуулсан хэмээн дээрх мөнгийг завшсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа