Дэлхийн II дайны дараа АНУ-д эзлэгдсэн өмнөд нутгийн Окинава мужийнхаа удирдах эрхийг эргүүлэн авсны 50 жилийн ойг япончууд тэмдэглэв. Токиод болсон ойн арга хэмжээнд тус улсын Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши, АНУ-ын Элчин сайд Рам Эмаунуэль нар оролцлоо. Түүнчлэн Японы эзэн хаан Нарүхито дүрс бичлэгээр дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ.
Эл муж нь Японы мэдэлд буцаж ирснээсээ хойш цэргийн баазын асуудлаас эхлээд эдийн засгийн ялгаа хүртэл олон сорилттой тулгарсаар байна. 1945 оны 4-6 дугаар сар хүртэл Окинавад АНУ-ын десантчид болон Японы эзэн хааны цэргийн гарнизоны хооронд хуурай замын тулалдаан болсон юм. Японы тал 92 мянга гаруй цэрэг, офицероо алдаж, нутгийн 100 мянга орчим оршин суугч амь үрэгджээ. Америкийн 12.5 мянган цэрэг амиа алдсан гэдэг. Дараа нь 1972 он хүртэл Окинава АНУ-ын эзлэн түрэмгийлэлд байсан бөгөөд Номхон далайн баруун хойд хэсэг дэх Пентагоны цэргийн дэд бүтцийн гол элемент болсон аж. Эл муж Японы нутаг дэвсгэрийн 0.6 хувийг эзэлдэг ч тус улс дахь Америкийн цэргийн баазуудын талбайн 70 гаруй хувь нь энд байдаг. Тэдгээрээс хамгийн том нь АНУ-ын хилийн чанад дахь цэргийн Кадена агаарын бааз юм.
“Kyodo” агентлагийн судалгаагаар Японы оршин суугчдын 51 хувь нь Окинава дахь АНУ-ын цэргийн баазуудын тоог эрс бууруулахыг хүсэж байна. АНУ-ын баазууд байгаатай холбоотойгоор тус мужийн эрх баригчид шударга бус дарамттай тулгардаг гэж судалгаанд оролцогчдын 79 хувь нь дүгнэжээ.
З.Амгалан