Жен Псакигийн оронд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар Карин Жан-Пьер ажиллаж эхлэв. Тэрбээр африк гаралтай америк хүн, ЛГБТ нийгэмлэгийн төлөөлөгч, Хаитигаас ирсэн цагаачдын охин, АНУ-ын нэр хүндтэй Колумбын их сургуулийг магистр зэрэгтэй төгсөгч, ажлын арвин туршлагатай нэгэн болохыг Ардчилсан намын танилцуулгад дурджээ. Тэрбээр Барак Обамагийн засаг захиргаанд ажиллаж, Жозеф Байдены сонгуулийн кампанит ажилд оролцсон аж. Ташрамд дурдахад, тэрбээр Дональд Трампыг шүүмжлэгч гэдгээрээ алдартай бөгөөд нам дотроо үүгээр ээ ч нэр хүнд өндөр байдаг гэнэ.
Өдгөө 44 настай Карин Жан-Пьер нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллах болсон анхны хар арьст эмэгтэй, энэ албан тушаалыг хашиж буй анхны ижил хүйстэн гэдгээрээ Америкийн түүхэнд бичигдэж байна. Түүнийг энэ хүнд хэцүү ажилд шаардагдах туршлага, авьяас чадвар, үнэнч шударга зантай төдийгүй Америкийн ард түмний нэрийн өмнөөс Байден-Харрисын засаг захиргааны ажлын талаарх мэдээллийг түгээхэд тэргүүлэгч нь байх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгджээ.
З.Амгалан