Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнийг тохиолдуулан манай улсын Засгийн газар 2022 оныг япон, монгол хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгож зарласан. Мөн хоёр улс хамтран эрдэм шинжилгээний хурал хийх, үзэсгэлэн дэлгэх, баримтат кино бүтээх, ном товхимол, марк хэвлүүлэх зэрэг соёлын арга хэмжээзохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл эдгээрээс шуудангийн марк хэвлүүлэх санаачилгыг ажил хэрэг болгожээ. Тодруулбал, Их наран улс Монгол орны сэдэвт 10 маркийг худалдаанд гаргаж, япончуудад танилцуулжээ. Манай улсын үндэсний бахархал болсон бэр цэцэг, шувуугаар ан ав хийлгэх соёлыг сурталчилж буй бүргэдчин, Хөвсгөлийн тайгад он удаан жил цаа маллан амьдарч байгаа тува иргэдийн аж байдал, монголчуудын уламжлалт сууц болох гэр, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээ, саарал чоно, цэнгэг усны индикатор гэгддэг тул загас, мөнх цаст уул гээд Монголыг илэрхийлэхүйц бүхнийг тэдгээр “үнэт цаас”-нд дүрсэлсэн байна. Эдгээрийн эх хувь бүхий зургуудыг ашиглах зөвшөөрлийг Японы тал Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоогоор дамжуулан судлаач, гэрэл зурагчдаас авсан аж.
Бэлтгэсэн: Ж.МИШЭЭЛ