Цэргийн тусламж үзүүлэх ажлыг хялбарчлах үүднээс Украинд “ленд-лийз”-ийн гэрээгээр зэвсэг нийлүүлэх тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден гарын үсэг зурлаа. “Украины ардчиллыг хамгаалах хууль” гэх уг баримт бичгийг Украин руу ОХУ довтолж эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард Конгресст өргөн барьжээ. Уг хуулийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын танхим баталсан аж. Эл баримт бичиг нь дэлхийн II дайны үед АНУ холбоотнууддаа зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, хүнсийг урт хугацаагаар, урьдчилгаа төлбөргүйгээр нийлүүлж байсан ленд-лийзийн тухай хуультай адил хэрэгжих гэнэ. Дэлхийн II дайны үед ийм тусламжийн гол хүлээн авагчдын нэг нь Зөвлөлт Холбоот Улс байв. Шинэ хуульд зааснаар Украинд болон тус улсад ОХУ-аас явуулж буй дайнд хохирсон Зүүн Европын орнуудад батлан хамгаалахын тоног төхөөрөмж зээлээр олгох, түрээслэхийг АНУ-ын Засгийн газарт зөвшөөрөх аж. Ийм хууль баталсныг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский түүхэн алхам хэмээгээд, Украин болон Европын ардчиллыг яг 77 жилийн өмнөх шиг хамтдаа хамгаалах болно хэмээн твиттер хуудсандаа бичжээ.