Сирийн нэг сая орчим дүрвэгчийг нутаг буцаах төслийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны даргалан явуулах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж NTV мэдээлэв. Тодруулбал, Анкарагийн хяналтад байдаг аюулгүй бүсэд дүрвэгсдийг байрлуулахаар төлөвлөж буй аж.
Сирийн 13 бүс нутагт дүрвэгсдэд зориулсан байшин барих төсөл хэрэгжүүлж байгаагаа Эрдоан энэ сарын 3-нд зарласан юм. Маргааш нь Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдэл хийхдээ Сири лүү буцах дүрвэгсдэд зориулан Идлиб хотод 100 мянган байшин барих ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. Албан ёсны мэдээллээр Турк улсад одоо Сирийн 3.7 сая орчим дүрвэгч байна. Дүрвэгсдийн тухай, тэр дундаа Истанбулд байгаа хүмүүсийн талаарх бодит мэдээллийг эрх баригчид нууж байна гэж сөрөг хүчнийхэн нь мэдэгдэв. Харин эрх баригчид нь сөрөг хүчнийхний мэдэгдлийг няцааж, тэднийг Туркийн байдлыг тогтворгүй болгохыг зорьж буй гаднын хүчнийнхний нөлөөнд автсан гэж мэдэгджээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляц сүүлийн 20 жилд байгаагүй өндөр буюу 70 хувьд хүрсэнтэй холбогдуулан тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанаар мөн хэлэлцэх аж. Тэрчлэн Эрдоаны засаг захиргаа Украины дайн эргэн тойрны нөхцөл байдал, Турк болон бусад улсад хориглосон “Курдистаны ажилчны нам”-ын эсрэг аюулаас хамгаалах хүчний ажиллагааны талаар хэлэлцэх нь.
З.ГАЛ