Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ уржигдрын байдлаар Улаанбаатарт өмнөх сарынхаасаа 2.4, долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 1.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд үхрийн ястай мах кг нь дунджаар 14 511 төгрөг байсан бол уржигдрын байдлаар 3.8 хувиар нэмэгдэж 15 068 болжээ. Мөн “Атар” талхны үнэ 1673 төгрөг байсан бол 1.4 хувиар өссөнөөр 1696-д хүрсэн аж. Уржигдар цагаан будааг кг-ыг нь 4770 төгрөгөөр худалдаж байсан нь долоо хоногийн өмнөхөөс 1.3 хувиар дээшилсэн гэсэн үг. Тэгвэл литр сүүний үнэ 3641 төгрөг байснаа 3660 болсон байна. Үүнээс гадна төмсний үнэ 4.5 хувиар өссөнөөр кг нь 1463 төгрөгтэй тэнцэж байснаа 1530 болсон гэнэ.
Бэлтгэсэн. Г.Сонор