“Чингис хаан” музейнхэн ирэх долдугаар сарын 3-наас үйлчлүүлэгчдээ хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Төлөвлөгөө ёсоор болбол монголчууд Үндэсний их баяр наадмаас өмнө, Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойгоор шинэ музейтэй танилцах нь.Чингис хаантай холбоотой түүхэн дурсгалуудыг төвлөрүүлэх, стандартын орчин нөхцөлд хадгалан хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эл музейг 17 сарын хугацаанд 62.8 тэрбум төгрөгөөр байгуулсан. Энэ нь дотроо Монголын анхны төрт улсууд, Их эзэнт улс болон түүний бүрэлдэхүүн улсууд, XV-XX зууны үеийн Монголын хаад язгууртнууд, Их хааны хүндэтгэлийн өргөө, дэлхий дахин ба монголчууд зэрэг үзүүллэгийн ес, түр үзэсгэлэнгийн хоёр, нийт 11 танхимтай.
Эдгээрт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйл төвлөрүүлэхээр төлөвлөсний 98 хувийг дотоодоос, үлдсэнийг нь гадаадын музей, номын сангаас хуулбар болон дижитал хувилбараар авахаар болсныг музейн захирал С.Чулуун мэдээлж байв. Тэгвэл эдгээрийг татан төвлөрүүлэх ажил дуусах шатандаа орсон, өдгөө дотоод тохижилт, үзмэр дэглэлт ид үргэлжилж байгаа аж. Ташрамд дурдахад, “Чингис хаан” музей есдүгээр сарын 15 хүртэл зуны цагийн хуваариар ажиллах бөгөөд мягмараас бямба гарагт 09.30-16.30 цагт нээлттэй байх гэнэ. Тасалбар захиалгыг цахим болгохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.