Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 23-26-нд орон даяар зохион байгуулах товыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргалаа. Тодруулбал, ирэх сарын 23-ны 10.00 цагт түүхийн хичээлээр шалгалт эхлэх бөгөөд 26-нд монгол хэлнийхийг зохион байгуулснаар дуусах нь. Энэ хугацаанд нийт 10 хичээлээр шалгалт авна. Нэг шалгалтын хугацаа 80-100 минут байхаар тогтоожээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд 36 253 төгсөгч бүртгүүлээд буй юм. Тэдний олонх буюу 24 316 нь математикийн хичээлээр шалгалт өгөх аж. Шалгуулагчид заасан хугацаанаас нэг цагийн өмнө ирж, 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөлөө. Ташрамд дурдахад, цар тахлын улмаас 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг нэлээд хожуу буюу наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Түүнчлэн тухайн үед “Ковид-19”-өөр өвчилсөн байсан сурагчдыг есдүгээр сард нь шалгалтад хамруулж байв.