Шинэ Зеландад “MV Rena” хэмээх усан онгоц өнгөрсөн пүрэв гаригт осолдсоноос Номхон далайд 20-30 тонн түлш ас гарчээ. Аврах багийнхан онгоцноос асгарсан түлшийг соруулан авахаар шуурхай ажиллаж байгаа ч цаг агаар муудах төлөвтэй байгаа аж. Хэрэв цаг агаар муудаж салхи шуурвал далайн усан дээрх түлш газар аван тархах аюултай талаар шинжээчид сануулж байна. Хэдийгээр цаг агаарын байдал сайнгүй байгаа ч аврагчид 1700 тонн түлш далайд асгарахаас сэр гийлж, эрэг дээр гарган авч чаджээ. Гэсэн ч асгарсан түлшинд амьтад хэдийнэ хордож эхэлжээ. Тус улсын байгаль хамгаалах салбарынхан аврах хоёр баг гарган ажиллаж байгаа юм байна.
Одоогоор түлшинд будагдсан найман шувуу, нэг оцон шувууг гарган авч цэвэрлээд байгаа гэнэ. Эдгээр амьтанд цус багадах шинж тэмдэг илэрч, түлшинд хордож эхэлснийг тэд мэдэгдсэн байна. Түүнчлэн шувууны үржлийн үед ийнхүү далайд их хэмжээний түлш асгарснаас тэд олноороо өвчлөх магадлал өндөр байгааг шувуу судлаач эрдэмтэд анхаа руулжээ. Мөн Номхон далайн Плэнтийн эрэг орчмоор амьдардаг далайн гахай, халим зэрэг амьтан хордох аюулд хүрээд байна. Плэнтийн эрэгт жуулчид олноор ирдэг аж. Тиймээс далайн эргээс дотогш нэг км газрыг түр хугацаагаар хаасан байна.
Харин Либерийн далбаатай уг онгоц нь Грекийн Rena хэмээх “Costamare Inc” компанийнх байсан аж. Далайд асгарсан түлшийг соруулж цэвэрлэхэд хоёр өдөр шаардагдах ч цаг агаарын байдал хүндэрвэл илүү удаан ажиллаж болзошгүй гэнэ. Аврах багийнхан түлшинд хордсон амьтдыг хайх ажлаа үргэлжлүүлж байна.
Р.ОЮУН