Ливийн удирдагч Муаммар Каддафигийн хөрөнгө түүнийг амьд ахуйд нь 150 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан гэдэг. Алагдсаных нь дараа энэ мөнгө ор мөргүй алга болжээ. Уг мөнгийг олох гэж Ливи улс албан ёсоор эрж хайв. Хувийн мөрдөгчид, бие даасан сэтгүүлчид ч түүнийг олохыг хичээгээд чадсангүй. 2011 оны дөрөвдүгээр сард Триполи (Ливийн нийслэл) дахь Каддафигийн өргөөнд 143.8 тн алт хадгалж байсан нь тухайн үеийн ханшаар 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж Египетийн санхүүч Башар аль-Хусейн мэдэгдсэн удаа бий.
Эрик Гоайед бол тунис гаралтай заль этгээд, бизнесмен, Триполи, Преторид зард гарсан хүн. Муаммар Каддафи амьддаа Өмнөд Африк руу гаргачихсангэж үздэг баялгийг олох гэж олон жил оролдож буй юм. Даруу төлөв, авхаалж самбаатай Гоайед тагнуул, туршуул, улсын нууцад хамааралтай хүмүүстэй тэгтлээ төстэй амьтан биш. 2000-аад оны эхээр фермийн аж ахуй өвлөж аваад эхний үед түүнийгээ өөд нь татахад цаг заваа зориулж явав. Хэрэв түүний хэлсэнд итгэвэл алга болсон хөрөнгийг олох гэж хэтэрхий их хичээсэндээ харамсдаг аж.
Гоайед номхон төвшин газар эзэмшигч байхаас нь л хоёрдмол амьдрал нь эхэлжээ. 2006 оны үед Тунист Ливийн эрх баригчдын төлөөний хүмүүстэй учирч эмнэлгийн тоног төхөөрөмж тэдэнд худалдахаар тохиролцсон байна. Удалгүй өөрийгөө Өмнөд Африкт үйлдвэрлэсэн, түлэнхий эмчлэх “Burnshield” нэртэй бигнүүр нийлүүлэх бүрэн эрхт хүн хэмээн Ливийн зах зээлд гарч ирлээ. Энэ нь ашигтай мөртлөө аюултай бизнес байв. Каддафигийн хүр дүү нарын нэг Али Фаркаш гэгч Гоайедийн бизнест саад учруулж, төлбөрийг нь зогсоож байсан төдийгүй шоронд хэд хоног суулгаад авчээ. Тэгэхэд Ливийн армийн нөлөө бүхий ахлах офицер Мохаммед Тагтай танил дотно байсан нь түүнд тус болжээ. Гурван жилийн дараа Каддафи унаж, түүнтэй ойр нөхөрлөж байсан Мохаммед Таг 2014 онд сая нэг нам төрийн албанд эргэж ирж, Ливийн эрх баригчдын бий болгосон хөрөнгийг буцаан авчрах хороог тэргүүлэх болов.
Энэ үед Гоайед Өмнөд Африк дахь холбоо сүлбээгээ ашиглан эмнэлгийн зориулалттай бараанаас огт өөр бизнес хийх болжээ. Тэрбээр өөрийн эрхэлдэг ажлын талаар хүн амьтанд ам нээдэггүй байсан ч Канадын судлаач Говард Адельманы нотолсноор зэвсэг үйлдвэрлэдэг “Rheinmetall denel munition”-ы ард нуугдаж байсан нийлүүлэгч компанитай нь хамтарч ажилладаг байв. Гоайед өөрөө хэлснээр бол Өмнөд Африктай зэвсгийн наймаа хийх асуудлаар Ливийн эрх баригчид 2012 онд түүнд хандсан аж. Энэ яриа бүтэлтэй болоогүй ч 2010 оны эцсээр Триполигоос Йоханнесбургийн нисэх онгоцны буудал руу 12.5 тэрбум ам.доллар зөөснийг чухам тэгэхэд олж мэдсэн байна. Гоайедийн үзэж буйгаар энэ нь Ливийн дарангуйлагчийн хөрөнгийн нэг хэсэг байсан гэнэ. Тэр бүү хэл, дэлхийн янз бүрийн өнцөг буланд нуусан нийт хөрөнгийн хэмжээ 400 тэрбум шахам ам.долларт хүрчээ. Гоайед үүний мөрөөр орох гэж хэрхэн хичээснийг Нидерландын сэтгүүлч Миша Вессель, Томас Блум нарын бүтээсэн “Каддафигийн тэрбумыг ангуучилсан нь” гэдэг баримтат кинонд харуулсан байна. Ташрамд хэлэхэд, алт ер нь алга болчихоод байдаг бололтой. Германы III Рейхийн алт 1945 онд, ЗХУ-ын алт 1991 онд, Иракийн алт 2003 онд алга болоод олдоогүй байгаа гэсэн баримт бий.
Мөнгийг эрж хайх эрх олж авсан Гоайед нэг мэдсэн чинь өөрөөсөө дутахааргүй эргэлзээтэй хүмүүсийн хүрээлэлд орчихсон, ямар ч хориг байхгүй нууц ертөнцөд гүнзгий нэвтэрчихсэн байлаа. Өмнөд Африкийн зэвсгийн наймаачин, тусгай албанд ажиллаж байсан туршлагатай Йохан Эразмус, түүний дотно эмэгтэй, тусгай зориулалтын хүчинд ажиллаж байсан Фанн Фондс болон тагнуулын албаны нөлөө бүхий ажилтан явсан Жорж Дарманович нар түүнтэй хамт хөрөнгийн араас хөөцөлдөж байв.
Өмнөд Африкийн хамтрагчид нь шударга бус тоглолт хийгээд байгааг Гоайед тэр дор нь мэджээ. Каддафигийн мөнгийг хүлээж авсан Өмнөд Африкийн хүмүүсийн нэрийг илчлэхээ амлаад ер удаагүй байхад нь Дармановичийг Белград хотод хороож орхив. Гоайед өөрт нь молиго үмхүүлээд байна гэж Йохан Эразмус хардаад түүнд заналхийлэх болжээ.
Хайгчид Каддафигийн алтанд ойртох тусам түүнд улам бүр хүрч чадахааргүй болж байлаа. Тэр асар их мөнгө Триполигоос Йоханнесбургт ирснийг нотлох баримт, гэрчийг тэд олсон байна. Гэхдээ мөнгө тун түргэн алга болсон юм шиг. Гоайед цөхөрсөнгүй, шинэ шинэ баримт олсоор байв. Тэрбээр тактикаа өөрчилж, маш сэрэмж болгоомжтой болж, Таг, нефтийн наймаачин Дуглес Кит Фори нарын удирддаг Вашингтоны Африкийн зөвлөх бүлэг (WACG)-ийн нэрийн өмнөөс ажиллах болжээ. Тухайн үеэс эхлэн Ливийн улс төрийн тогтворгүй байдлаар дэвсгэр хийн өрнөж буй, зүйрлэн жиших юм үгүй энэ ангуучлалын араас тэр анхааралтай ажиглах болов. Тэгэхдээ уг үйл ажиллагаанд Гоайед ганцаараа биш, олон компани, хуульч, авлагчид, хөөцөлдөж байлаа. Тухайлбал, Ливийн иргэн Тахар эль-Буйши, Мохаммед эль Шерви нарын толгойлсон Мальтийн “San Serj” компанийн баг WACG-тай ил цагаан өрсөлдөх болов. Дараа нь Абдулла Ахмед гэгчээр удирдуулсан Канад-Ливийн “Odys¬sey сonsulting” компани, Израилын цэргийн тагнуулын байгууллагын ажилтан байсан Ари Бен-Менашегийн даргалдаг Канадын лоббийн “Dickens and Madson” компани Каддафигийн олон тэрбум ам.долларыг эрэн хайх ажилд ханцуй шамлан орлоо. Харин эдний ихэнх нь удалгүй замаасаа гарсан аж. Эрх мэдэл, хэлхээ холбоо ихтэй ч гэлээ Тахар эль-Буйши 2016 онд хулгайлагдан, хэдэн сар барьцаанд байгаад Ливийн нисэх онгоцны “Аль-Абрак” буудалд ирээд суллагдсан байна. Өөрийг нь хулгайлсан хэрэгт Гоайед оролцсон гэж Тахар эль-Буйши буруутгасан байдаг. Гэтэл Буйшийг татвар төлөөгүй учраас шоронд орсон болохоос биш, мөнгө эрж хайх ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлээгүй гэж Гоайед нотолдог. Бусад хөрөнгө зардал хүрэлцээгүйгээс юм уу, Франц-Тунисийн иргэн Тайеб Талби л гэхэд аюулгүй байдлын шалтгаанаар эрлийн ажилд оролцохоо зогсоожээ.
Гоайедээс бусад нь амжилт олно гэхэд хол байв. Гоайед ч Өмнөд Африкийн АНК гэх нөлөө ихтэй намын аюулгүй байдлын албаны дарга байсан Тито Малекатай дотно нөхөр, тусгай албадад харилцаа холбоо ихтэй хэрнээ л ӨАБНУ руу аваачсан гэж үздэг Каддафигийн мөнгөний тэр хэсгийг олж чадаагүй л байлаа. Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр 2018 оноос өмнө энэ мөнгийг ӨАБНУ-аас Эсватини руу юм уу, эсвэл тус бүс нутгийн аль нэг улс руу зөөсөн байх магадлалтай юм. Ливийн Төвбанкны захирал байсан Касем Азизын үзэж буйгаар Каддафигийн хоргодох байранд байсан алт 2011 оны тавдугаар сард алга болжээ. Гулууз алтнуудыг төдийгүй очир эрдэнэс бүхий хайрцгуудыг ч хулгайлсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны тайланд дурдсанаар бол банкууд няцаадаг ч гэсэн Өмнөд Африкт байсан гэж үздэг мөнгөн дээр нэмж тус улс болон Кени хоёрын хооронд мөнгө гуйвуулж байсныг тэмдэглэсэн байдаг.
Уагадугу хотод ган хайрцгуудад Каддафи 100-тын дэвсгэртээр 560 сая ам.доллар хадгалж байсан гэх яриа бий. Энэ мөнгийг Триполид аваачих ёстой байтал ийм ажил эрхэлдэг олон улсын компани нь Буркина Фасогийн Засгийн газрын үзсэнээр хуурамч байгууллага байжээ.
Үүнтэй тун төстэй тохиолдол Гана улсад болсон байна. Төмөр шүүгээнд хадгалж байсан Олон улсын хүний эрхийн хорооны тамга тэмдэгтэй мөнгийг зөөгөөд өөр газарт авааччихсан байв. Нигерид мөнгө хадгалах өөр нэг нууц газар байжээ гэж зарим хүн үздэг. 2011 онд Каддафигийн нэг хүү Саади мөнгө нуусан газрын тухай мэдээлэл өгч амиа аварч байсан удаа бий.
Өрсөлдөгчөөсөө ялгаатай нь Гоайед ухрах бодолгүй байна. Олсон мөнгөнийхөө 10 хувийг өгөх Ливийн эрх баригчдын амлалт биелнэ гэдэгт итгэсээр буй. Долоон хувийг өгөлцөж, авалцахаар Өмнөд Африкийн БНУ-ын Засгийн газар “Sam Serj”-ийн ажилтнуудын хооронд тохиролцсон наймааг тэрбээр тасалж чаджээ. Өөрийн олж авсан мэдээллийг задруулаагүй Гоайедийн гарт одоогоор энэ өрсөлдөөний гол хөзөр байна.